СЭХЭЭТЭН ПОДКАСТЫН ТУХАЙ

Сэхээтэн Подкаст нь хамтдаа хөгжих зорилготой хувь хүний хөгжил, амьдралын хэв маягийн подкаст буюу аудио контентийн суваг юм. Суваг гэж нэрлэж буй учир нь манай подкаст “Нямын Найм” болон “Тайвантай Хамт” гэсэн хоёр төрлийн контент бэлтгэн хүргэдэг.

Нямын Найм бол ярилцлагын подкаст ба энэхүү подкастыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь тухайн долоо хоногийн хүндэт зочны хамт өрнүүлдэг. Ярилцлагын сэдэв нь тухайн зочны амьдралын хэв маяг болон өчигдрийн түүх нь байдаг. Амьдралын хэв маяг гэдэгт уг зочны сүүлийн үед амьдралдаа бий болгож буй дадал зуршил, сэтгэлгээ, хүлээн авч буй төрөл бүрийн контентууд гэх мэт бусад уг хүнийг тодорхойлох амьдралын хэмнэл, хэв маяг нь орно. Харин уг хүний намтар бус өчигдрийн түүх гэж нэрлэж буй учир нь уг зочны туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал дээр төвлөрөхөөс илүүтэйгээр ойрын үед тохиолдсон үйл явдал, амьдралыг нь өөрчилсөн эгзэгтэй мөчүүд дээр төвлөрдөгт оршино.

Тайвантай Хамт нэвтрүүлэг нь 2016 оноос эхлэн олон нийтийн сүлжээнд уншсан номоо шууд хэлэлцүүлгээр ярилцах давлагааг эхлүүлсэн хөтлөгч Б.Тайвангийн нэвтрүүлэг юм. Б.Тайван нь цаг үеийн сонгомол ном бүтээлийг сонгон уншиж, уншсан бүтээл дээрээ гүн анализ хийж сонсогч нартайгаа уг номын тухай хэлэлцдэг билээ. Зарим тохиолдолд уг нэвтрүүлэгт номын зохиолч, орчуулагч аль эсвэл хүндэт зочин уригдан оролцож Тайвантай хамт уг номын тухай хамтдаа ярилцдаг нь онцлогтой.

Сэхээтэн Подкастын нийт сонсогчдын бараг тэн хагас нь гадаад улс орнуудаас сонгон сонсдог ба нийт 600 мянга гаруй таталттай Монголын ТОП подкастуудын нэг юм.