Нямын Найм #1-9 буюу БЛОГ дугаарууд

nn 1 poster.jpg

НН1: Гараа

2017 оны 6-р сарын 12-нд Нямын Наймын 1-р дугаар блогоо бичив.

1. УНШИЖ БАЙГАА НОМ: Англи нэртэй номуудын нэрийг утгачилж орчуулалгүй, сонирхсон хүмүүс нь шууд хайхад амар гээд нэрийг нь шууд бичээд явж байя:

-Номын нэр: Maximum Influence: The 12 Universal Laws of Power Persuasion
-Зохиолч: Kurt Mortensen

Бусдад нөлөөлөх, бусдыг ятгах, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ бусдын байлдан дагуулах 12 хуулийг тайлбарласан ном. Сурсан сонирхолтой зүйлсийн нэг гэвэл: Ингээл онол ангит кино үзэж байсан чинь, киноны хамгийн сонирхолтой хэсэг болохын өмнө реклам гардаг ч юм уу? Эсвэл тэр анги нь дуусчихдаг шдээ? Тэгээд л бид нар одоо юу болох бол? Яах бол? гээд л догдлоод, дараагийн хэсгийг нь тэсэн ядан хүлээгээд л байдаг. Энийг “Zeigarnik Effect” гэж нэрлэдэг юм байна. Оросын сэтгэл зүйч Bluma Zeigarnik гэдэг хүн анх үүнийг тодорхойлж, бидний бие махбод эхлүүлсэн юм аа заавал дуусгаж байж амардаг гэдгийг баталсан аж.

Хамгийн сонирхолтой нь хүн дуусгасан ажил ч юм уу, ямар нэг хийх зүйлийг шууд мартаж орхидог бол дуусгаагүй, дутуу орхисон зүйлийг ерөөс мартаж чаддаггүй гэнэ. Ийм ч учраас бусдад хүлээлт бий болгож, догдлуулж байхыг зөвлөсөн байгаа юм. Бусдад нөлөөлөгч хүмүүс, бүх мэдээллийг нэг дор цацахын оронд бага багаар, нарийн дэлгэрэнгүйгээр хүргэдэг гэнэ шүү.

2.ТУРШИЖ БАЙГАА ЗҮЙЛ: Бясалгал хийдэг болоод, магадгүй хоёр жил болох гэж байх шиг байна даа. Дунд нь хэд хэд завсарласан ч өнгөрсөн хугацаанд дан чакраны буюу 7 энергийн хүрд тус бүр дээр нь төвлөрч бясалгадаг байсан. Гэхдээ саяхнаас Його, бясалгал хоёрыг хослуулсан гэж хэлж болохоор Priming нэртэй бясалгал хийж эхэлж байгаа, миний хийсвэр менторуудын маань нэг Тони Роббинс-н боловсруулсан дасгал. Сонирховол: https://www.tonyrobbins.com/health-vitality/train-your-brain-in-minutes-4/

3. ТААЛАГДСАН КИНО: Брүс Ли ахыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүний тухай гарсан сүүлийн үеийн, сонирхолтой кино гэвэл дараах баримтат киног санал болгоё. “I am Bruce Lee”http://ffilms.org/i-am-bruce-lee-2011/

4. ХЭРЭГЛЭЖ БАЙГАА APP: Хоолныхоо дэглэмийг барихдаа ямар програм ашиглаж идсэн хоолоо тооцоолж байгаа вэ гэж асууж байсан. Би Samsung-ийн гаргасан S Health хоёр жилийн өмнөөс гүйхдээ болон хоолоо тооцохдоо хэрэглэсээр ирсэн. iPhone дээр гэвэл би MyFitnessPal-г санал болгох байсан байж магадгүй.

5. ГАРГААД БАЙГАА АМЖИЛТ: Зуныхаа гүйлтийн програмыг би 10 долоо хоногийн өмнө гаргаад, хэрэгжүүлээд, гүйгээд энэ Пүрэв гарагт дуусгасан. Шинэ долоо хоногоос шинэ гүйлтийн програмдаа орно.

6. СОНСОЖ БАЙГАА ЗҮЙЛ: Дугуй унахдаа, гарч гүйхдээ дуу сонсохоо болиод сонсдог ном эсвэл илтгэл яриа сонсож байгаа. Дуу хөгжим сонсож байхдаа дасгал хийхэд илүү бага тестостерон буюу эр гормон ялгардаг тухай олон судалгаа уншиж мэдсэн нь нөлөөлсөн байх. Гэхдээ л ер нь Цэцэ ахын хэлдэгээр урсан өнгөрөх мөч бүрийг өөртөө ашигтайгаар үрэх нь гол шалтгаан дөө (https://youtu.be/uu4LsTWdXdM)

7. САНАЛ БОЛГОХ ВЕБСАЙТ: Шинэ сар гараад удаагүй байгаа тул сарын зурхай уншдаг вебсайтаа сонирхуулая. Энэ бол ёстой санаанаасаа зохиогоод бичдэг хүний сайт биш ээ. Ямар гариг, ямар од яаж хөдөлж, хаана яваа болоод бидний амьдралд яаж нөлөөлхийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа: https://www.astrologyzone.com/horoscopes/

8. ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭРГЭН ҮГС: “Бодол бол эрчим хүч. Чи юун дээр төвлөрнө, тэнд энерги төвлөрөх болно” – Тони Роббинс

Дээр дурдсан 8 зүйлс дээр асуулт байвал бичээрэй  Та шинэ долоо хоногтоо юун дээр төвлөрөх гэж байна даа? юуг хийхийг сонирхож хүсэж байна вэ? Олуулаа хэлэлцвэл буруугүй гэж, баярлалаа!

НН2: Сэрээд, сугараад, судлаад

НН өөрийн гэсэн хэв маягтай болж лого фонттой болжээ.

1. ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ (МЭДЭЭ АРТИКЛЬ): Элон Маск долоо хоногоо хэрхэн өнгөрүүлдэг вэ? Дундаж Америк хүн өдөрт 6.3 цаг ажилладаг байхад тэрээр хоёр дахин их буюу 12.1 цаг ажилладаг гэнэ. Харин энгийн Америк хүн түүнээс 2 цаг орчим илүү унтаж, ажлаас гадуурх бусад зүйлсэд даруй 4 цаг илүү зарцуулдаг байна. Өөрийнх нь тухай хөрөг номд тэрээр “..Би гэхдээ болзоход илүү цаг гаргахыг хүсэж байгаа шүү, би найз бүсгүй олох хэрэгтэй байна. Тийм ч учраас хэдхэн цаг илүүчлэх хэрэгтэй байгаа юм. Магадгүй 5-с 10 цаг ч юм уу? Эмэгтэй хүн долоо хоногт хэдэн цаг өөрт нь зориулаасай гэж хүсдэг юм бол? Хамгийн багадаа 10 цаг байх даа? мэдэхгүй юм даа…” гэж хэлснийг нь уншаад ажил дээрээ би өөрийн эрхгүй инээд алдаад явчихсан.

5 компани зэрэг удирдаж, дээрээс нь 5 хүүхдүүддээ цаг гаргаж, дэлхий ертөнцийг ирээдүй өөд чирж байгаа энэ залууд сайн найз бүсгүй, шинэ эхнэр заяах болтугай! бурхан минь Линк: https://goo.gl/iOk4Fn

2. ЭРГЭЖ СЭРГЭЭХИЙГ ОРОЛДОЖ БУЙ ЗУРШИЛ: Сэр! Суга үсэр! Өглөөг ялбал, өдрийг ялсанд тооц гэж. Өөртөө буй болгоод байсан хамгийн хайртай зуршлуудын маань нэг өглөө 5 цагт сэрүүлэг дуугарах үед шууд орноосоо үсрэн шахуу босдог байсан маань юм. Одоо энэ зуршил маань жаал эвдэрч хэмхрээд зарим өдрүүдэд 10 минутаас авахуулаад цаг гаруй илүү унтаад байгаа буруутан хүн бий. Өглөө төлөвлөсөн цагтаа сэрж чадаагүй бол өөрийгөө айхтар буруутгадаг муу зуршилтай би. Тийм ч учраас дараах өглөөний тогтсон дэгийг өөртөө бий болгох гэж оролдож байна даа.

3. “ЦЭРЭГ” – ӨГЛӨӨНИЙ ТОГТСОН ДЭГ: Та хэв маягт баригдах дургүй, ямар нэг зүйлийг улиг болтол нь давтахыг хүсдэггүй ч байсан хамаагүй өөртөө Morning Routine буюу Өглөөний Дэгийг заавал бий болгоорой гэж би хүсье. Унтахаасаа өмнөх орой нь бид өглөө эрт сэрүүлэг тавьчхаад л өглөө ёстой яг цагтаа босоод л ингэнэ тэгнэ, ёстой алаад өгнө гээд л унтдаг гэтэл долоо наймхан цагийн өмнө байсан тэр сэдэл, мотивац тань сэрүүлэг дуугарах үед байхгүй болчихсон байдаг биз? Тийм л учраас бид өглөөний дэгтэй болох хэрэгтэй юм байгаан шиг байгаан. Байнга түүнийгээ давтаж хийсээр байгаад, хэдий өглөө эрч хүчгүй байсан ч гэсэн дээ нэгэнт зуршил болчихсон учраас өглөө сэрүүлэг дуугарахад яг л цэрэг шиг суга үсэрч босож ирээд хувцсаа чүдэнз зураад унтрах хугацаанд өмсөөд өглөөг угт! Миний өглөөний дэг дараах зүйлсээс бүрдэж байгаа ба үүнд эдгээрт 1 цаг 30 минут орчим зарцуулдаг:
1. Нүүр амаа угаах – Хүйтэн усаар нүүрээ цохиж амьд байгаагаа мэдрэх шиг сайхан юм юу байхав
2. Ус уух: Өглөө өлөн дээрээ 473 мл хүйтэн ус шууд ууж бодисын солилцоо буюу метаболизмоо шууд сайжруулах арга хэмжээ авна. Ус бол тархины түлш
3. Дасгал хөдөлгөөн: Хов хоосон ходоодтой байж аймаар дасгал хөдөлгөөн хийвэл бие чинь юуг шатааж энерги гаргаж авах уу? Гүзээг цааш нь тонилгоё!
4. Бясалгал: Дасгал хийгээд зүрхний цохилт нэмэгдсэн байх үед, бясалгал хийж байхдаа нойрмоглож унтана гэсэн ойлголт байхгүй ээ
5. Эрүүл өглөөний хоол: Англи хэлэнд нь яагаад өглөөний хоолыг breakfast гэдэг билээ? Тийм ээ, fast гэдэг бол өлсөх буюу мацаг барих гэсэн үг, үүнийг зогсоо, эвд, эрүүл хоолоор!
6. Витамин амин дэм: 20 нас гарсан өсөж яваа залуу, энэ сайхан бие хаагаа гоё сайхнаар нь авч явахыг хичээнэ биз дээ?
7. Хугацаа үржүүлэгч: Өдөр хэзээ эхэлдэг вэ? өдрийг төлөвлөсөн дариуд. Daria Azbayr бид хоёрын гаргасан Өдөр Төлөвлөгчийг татаж авч хэрэглээрэй  z.umn.edu/seheeten
8. Биеэ бэлдэх цаг: Оройтож сэрээд өглөөний дэглэмээсээ аль нэгийг нь өнөөдөртөө хасах хэрэгтэй болбол үүнийг л битгий хасаарай. Усанд ороод, үс гэзэгээ янзлаад, гадаад төрхдөө анхаарч байгаад гарсан хүн тэр өдрийг шаал өөр л өнгөрүүлдэг байхгүй юу? 

4. ДЭМЖИЖ БУЙ САНААЧИЛГА: Ази Номхон Далайн бүс нутгийн улс төр, нийгэм соёлын талаарх төрөл бүрийн мэдээ мэдээллүүдийг түгээдэг олон улсын мэдээний онлайн сэтгүүл болох The Diplomat -д Монгол Улсын улс төр, олон улсын харилцааны чиглэлээр олон мэдээ бэлтгэн хүргэж Монгол хүн дэлхийн хэмжээнд эх орноо үнэн бодит байдлаар нь бусдад таниулж, хүргэж яваа нэгэн бүсгүй бол Bolor Crystal юм. Тэрээр Гадаадад ажиллаж, амьдарч, боловсорч буй 100,000-д гаруй Монголчуудын эрх ашгийг хамгаалж Монголд өрнөж буй олон жигшүүртэй, бохир үйл явдлуудтай хариуцлага тооцохыг шаардаж эсэргүүцлийн өргөдөл гарган онлайн байдлаар гарын үзэг цуглуулж байгаа юм. Адилхан АНУ-д суралцдаг Монгол оюутны хувьд эгчийн гаргасан санаачлалыг дэмжиж байна. Шаардлагын дэлгэрэнгүйг дараах хаягаар орж уншаарай: https://goo.gl/LGZcjZ

5. СУДАЛЖ БУЙ ЗҮЙЛ: 2 сарын хугацаанд би 7кг гаруй жин хасаад байгаа юм. Найзууд маань, найз охин маань, гэрийнхэн ч маань намайг хэтэрхий турчихсан байна гээд санаа зовоод байгаа. Ялангуяа аав ээжээсээ хол гадаадад суралцаж байгаа хүү нь жин алдаад байхаар ээж аав маань санаа зоволгүй л яахав. Гэхдээ хоёр сарын хугацаанд, нүүрс усаа маш бага хэмжээнд барьж хооллох үедээ би биед хэрэгтэй гэж үзсэн сайн бактериас авахуулаад уух ёстой амин дэмүүдийг сайн судалж тогтмол хэрэглэж байсан бол дажгүй байсан шүү. Жил бүрийн хавар, би бусдын л адил маш их ядардаг жилийн ямар ч үеэс илүү. Гэтэл энэ хаврыг ёстой л өнгөтэй сайхан давсан. Одоо харин эргээгээд жин нэмэх судалгаагаа хийж байна. Ер нь жин нэмэх нь жин хасахаас илүү хэцүү байдаг, учир нь их иднэ гэдэг бага идэхээсээ илүү хэцүү шүү дээ! Дээрээс нь арай гэж хассан өөхөө эргээгээд нөхөөд байж болохгүй биз дээ? Тийм учраас үүн дээр тун хянамгай хандах хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ ямар ч байсан Тим Фэрисс багшийнхаа 4 долоо хоногийн дотор 15 кг цэвэр булчингийн масс нэмсэн “Geek to Freak” програмыг тойрсон судалгаа хийж байгаа. Яг ингээд айхтар цэвэр жин нэмээд өгье гээд дэглэмд хараахан ороогүй байна л даа, манай бакь сайхан залуучууд зөвөлгөө өгнө байгаа надад. https://www.bodybuilding.com/fun/timothyf.htm

6. ОНЦЛОХ ИЛТГЭЛ: Алдарт Kobe Bryant-ийн хэрхэн домог, түүх болтлоо хөдөлмөрлөсөн, хувь хүний хувьд ер нь яг ямар хүн юм? Энэ асуултыг хариултыг өөрийнх нь амаар дараах линкээр орж сонсоорой. Black mamba хочтой түүний энэ хоч нь гагцхүү түүний сэтгэлгээ буюу mindset-г тодорхойлдог болохыг энэ ярианаас ойлгосон:https://youtu.be/NLElzEJPceA

7. ИДЭЖ БУЙ ХООЛ: Бага хугацаанд их хоол бэлдээд, хамгийн гол нь эрүүл бас илчлэг сайтай хооллоё гэсэн бодлоор дараах хоолыг энэ долоо хоногт хэд хэд бэлдэж идсэн юм. Тун амархан. Лаазалсан туна загас (устай нь), халуун ногоотой вандуй, тахианы гуя эсвэл цээж мах, паста гоймон. Паста гоймонг чанаад хөргөгчид бөөнөөр нь битүү саванд 5 хоног хонуулж болдог. Үүнийгээ дээр дурдсан лаазалсан бүтээгдэхүүнүүдтэй холиод, тахианы махаа жигнэж зөөлрүүлж болгочхоод түүнийгээ хэрчээд эдгээр хүнсээ холиод, бичил долгионы зууханд минут хэртэй байлгана. Ингээд л 3 минутад мааш илчлэг сайтай хоол идчихэж байгаа юм даа. Тахианы махаа бас нэг жигнэхдээ бөөнөөр нь хадгалаад тавьчихдаг тул хоёр юм уу гурван өдөртөө л хоол хийгээд долоон хоногийн хүнсний нөөцөө болгоод байна шүү дээ.

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Мөнгө, эрх мэдэл, алдар нэр, архи. Эдгээр нь хүнийг өөрчилдөггүй, үнэндээ жинхэнэ төрхийг нь таниулдаг юм. Зарим хүмүүс мөнгөтэй болох тусам бусдад зориулж ихийг бүтээдэг байхад, зарим нь улам харамч, хувиа хичээсэн болж хувирдаг. Энэ бол хүч тэдний жинхэнэ төрхийг нь илчилж буй хэрэг юм.” – Gary Vaynerchuk

9. (EXTRA) БАЯН ААВ, ЯДУУ ААВ НОМ: Taivan Bayasgalan -ийн маань 27 дахь номын хэлэлцүүлэгээр бид хоёрын ярьсан номын Англи хэл дээр үнэгүй хувилбарыг дараах хаягаар орж татаж аваарай http://ge.tt/22HES6l2 эсвэлhttps://goo.gl/XXd4h4

nn 3 poster.jpg

HH3: “Хайр хамгийн чимээ, аниргүй.”

Уг нь хамгийн анх удаа баахан зургуудтай хийсэн блог гэхдээ зургууд нь алга болчихсон.

1. ОНЦЛОХ APP: Instagram Story дээрээ Даваа гарагт энэхүү Screenshot-р хэрэглэдэг нэгэн app-аа нийтэлсэнд хэдэн хүн ямар програм юм бол? гэж асуусан тул та бүхэнд Wunderlist-г сонирхуулж байна. Microsoft-н худалдаад авчихсан энэхүү хүчирхэг програм нь хийх зүйлийн жагсаалт хэрэглэдэг хүмүүс дунд хамгийн түгээмэл байдаг санагдсан. Харамсалтай нь тун удахгүй Microsoft энэхүү програмын дараагийн үе гэж зарлаад байгаа Microsoft To-do гэдэг програмаар Wunderlist-г солино гэсэн. Миний хувьд энэ програмыг зуршил батжуулахад, зорилгуудаа сануулахад хэрэглэж байгаа.

Яаж гэхээр, дээрх зургаас харч байгаа байх. Өглөө бүр 5 цагт надад миний өглөөний дэгийг сануулж өгдөг, тэгээд дор бүр нь хийсэн зүйлсээ тэмдэглээд дууссан гээд л. Дотор нь хийх зүйлсээ олон анги, бүлэг болгочихдог болохоор би жишээ нь энэ зуны зорилгууд гээд хэдэн зүйлс биччихсэн байгаа. Гар утсан дээр ч, копмьютер дээр ч хэрэглэж болно https://www.wunderlist.com/

2. ОНЦЛОХ ВЕБСАЙТ: Үнэгүй Монгол уруу ч юм уу дуудлага хийдэг нэг сайт байдаг аа онцльё гэж бодлоо. Дараах сайтаар ороод Mongolia гэж сонгоод дугаарыг нь хийгээд залгахад хоёр хоёр минутаар нийт 5 дуудлага буюу өдөрт 10 минут ярьж болдог. Ер нь дэлхийн бараг ихэнх орон уруу ярьчихдаг юм байна лээ.https://www.poptox.com/

3. ТӨСӨӨЛЛИЙН ХҮЧ:

Өнгөрсөн долоо хоногын Нямын Наймаараа өглөө 5 цагт цэрэг шиг л орноосоо суга үсрээд босдог зуршлаа сэргээмээр байна гэж байсан даа, түүнийгээ би төсөөллийн хүчээр бодит хэрэг болгож байгаа юм. Яаж гэхээр, өнгөрсөн Ням гарагт унтахаасаа өмнө би самбар дээр Даваагаас Баасан гараг хажууд нь хоосон хайрцагтай бичээд орхисон юм. Тэгээд орондоо ороод өглөө яг 5 цагт сэрүүлэг дуугараад л, гэрлээ асаагаад л, “Mon” буюу Даваа гэсэн өдрийн дэргэдэх хайрцагийг битүү будаж, хийсэн гэсэн тэмдэг тавьж байна гэж төсөөлсөн юм. Тэгээд л унтсан, өглөө сэрсэн, төсөөллөө биелэл болгосон. Энэ бол төсөөллийн хүч түүний нэг л тун энгийн жишээ юм даа. Амьдралынхаа бусад олон зүйлсэд төсөөллийн хүчийг ашиглаарай. Би Priming бясалгалаа хийхдээ өдөр бүр төсөөллийн хүчийг мөн ашиглаж байгаа. Яагаад чухал вэ гэхээр, таны тархи бодит байдал, төсөөлөл хоёрыг ялгаж чаддаггүй гэж байгаа юм даа. 

4. СОНИН ХАЧИН: Манай сургуульд магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг эзэмшхээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн гэсэн хичээлийн хөтөлбөр гаргаад, оюутнууд элсүүлээд хичээл зааж болдог юм байна л даа. Тэгсэн бакалаврын оюутан надад онцлолт үзүүлж хичээл заах санал тавьсан гээд боддоо  Дэлхийн шилдэг их сургуульд өөрийн гэсэн хичээл заана гэдэг бас л сонирхолтой юу даа? Хичээлийн сэдэв өөрөө сонгож болно. Америкуудад Монголчууд хэрхэн өнөөгийн ертөнцийг бүтээсэн тухай ярьж хүргэдэг учраас энэ урилгыг хүлээн авсан гэж хэлж болно, тэгэхээр ер нь энэ тал уруугаа л хичээл заадаг юм уу? гол нь багш Билгүүнээ байж чадах уу би? 

5. ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХИЙН ТУЛД ӨӨРИЙГӨӨ НУРАА: Энэ долоо хоногт толгойд их бодогдсон, түүнийгээ дагаад их уншсан, сонссон зүйл бол өөртөө эргэлзэх. Энэ нь өөрийн одоо байгаа байдалдаа эргэлзэх эргэлзээ юм, бид магадгүй байгаа байдалтайгаа дасан зохицноод, бүх зүйлстэй эвлэрээд, сэтгэл ханаад түүнээсээ болж өөрсдийгөө хязгаарладаг байх. Өөртөө бүх зүйлс дээр эргэлзээд үзээрэй, миний бие махбод үнэхээр эрүүл байгаа билүү? миний гадаад төрх үнэхээр миний өөрийн сэтгэлд хүрдэг билүү? би бусадтай зөв сайхан харьцаж чаддаг билүү? миний итгэл үнэмшил юу билээ? миний итгэдэг бурхан, шашин ер нь зөв үү? гээд л бүх л зүйлс дээр эргэлзээд үз. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Өөрийн одоо байгаа байдалдаа сэтгэл ханаад хөдлөхгүй байна гэдэг, зангуугаа буулгаад удсан хөлөг шиг зэвэрч хэмхрэхтэй яг адил. Мөнгө санхүүгийн хувьд, сэтгэл санааны хувьд, үерхэл харилцааны хувьд та яг хэн болмоор байна? бусад хүмүүс таныг юу гэж үнэлж дүгнэдэг байгаасай гэж хүсэж байна? тэр бүхнийг өөрөөсөө асууж, хариултыг нь БИЧ! Та өөрийн хүссэн хүн болж хувирснаар ямар гайхалтай зүйлс амьдралд чинь болохыг төсөөлөн бич. Бас тавьсан зорилгодоо хүрэхгүй бол ямар сул тал, аюул буйг сөрөг талаас нь харж бод бич! Ганц дан эерэг сэтгэлгээ таныг гацааж мэднэ шүү. 


6. ЭЕРЭГ БУС ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ: Би хувь хүний хөгжил, оюун бодол түүний хүч энэ тал дээр хэдэн жил уншиж судалж өнгөрүүлсэн. Та бүхэн энэ сэдвийг магадгүй Нууц хэмээх номоор төсөөлдөг байх. Энэ номд би дуртай, олон авах зүйлс бий. Гэхдээ шүүмжлэлтэй ч хандах ёстой ч зүйлс байгаа. Миний бодлоор одоо барууныхан шинжлэх ухааны хэмжээнд нь хөгжүүлж яриад байгаа энэ бодлын хүч чадлыг Монголчууд аль эртнээс л мэддэг байсан. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг үг л дүгнэчхэж байгаа биз? Гэвч Монголчууд бид эерэг бодож байна, сайн сайхан зүйлс дээр л төвлөрч байна гээд асуудал бэрхшээлээс зугтаад яваад байдаг билүү? тэгэх хандлага магадгүй байдаг, гэвч бид дайчин сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж бас айхтар сургаал байна. Яана аа? сөрөг зүйл бодчихлоо, муухай үг хэлчихлээ гэж түүнээсээ болж санаа зовохоос илүүтэйгээр бид мэдрэмжийг чухалчлах хэрэгтэй. Мэдээж бодол, үгс чухал. Тэд мэдрэмжийг залуурдаж, бий болгож, өөрчилж чадах хүчтэй. Бодол удирдана гэдэг бараг боломжгүй, харин түүнийг бид залж болдог. Зөв зүйлийг хий, тэр үед зөв мэдрэмж төрөх болно, тэр зөв мэдрэмж зөв бодлыг авчирж, зөв бодлууд цаашдаа улам олон зөв зүйлсийг хийхэд чиглүүлэх болно шүү. Бодлыг биш өөрийгөө л хүчил гэж хэлж байгаа юм уу даа. Хэрвээ айдас төрөөд л, муухай мэдрэмж аваад л, хиймээргүй санагдаж байгаа бол битгий хий. Өөрийнхөө мэдрэмжид итгэ. Гэхдээ амьдралд бид заримдаа эрсдэлтэй алхмыг авч айж байсан ч хийх хэрэгтэй болох үе олон. Ийм цаг үед, нэгэнт л шийдсэн бол шийдэмгий байдлаараа бүхнийг бүрхэн авч айдсын оронд сайн сайхан мэдрэмжийг чухалчил.

7. ТААЛАГДАЖ БАЙГАА ДУУ: Өглөө эрт сэрэхэд мэдээж хэрэг сэрүүлгэний дуу их чухал. Миний санал болгох дараах дууг сонсоод үзээрэй. Би өмнө нь хамгийн дуртай дуугаа сэрүүлэг дээрээ тавиад дургүй болчихдог байсан бол одоо эсэргээрээ тэр дуундаа улам дуртай болдог болсон. Өглөө сэрээд шууд бүжиглэ! Над шиг цэрэг гэж дэглэмээ нэрлэж яах юм? бүжигчин, дуучин, тамирчин юу болмоор байна? Тэр хүн шигээ л бай, ялангуяа өглөөhttps://www.youtube.com/watch?v=sm5xYDROj9o

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Хүн хүнээ хүндэлдэг бол, аниргүй бие биенээ хайрлах л сайхан. Хайр бол хамгийн ч чимээгүй, хамгийн аниргүй. ” – Б.Лхагвасүрэн

Дээрх үгсийг П.Бадарч гуайн оролцсон Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн дараах хэсэгт хэлсэн билээ: https://youtu.be/OBNOj82jWds?t=1h33m40s

nn 4 poster.jpg

НН4: Дарь <3

Хүүхдийн зуу, энэ бидний хайрын буурь

1. ОНЦЛОХ ӨДӨР: Энэ сарын 23-ны өдөр Daria бид хоёрын маань үерхэж, дундаа орсны 1 жилийн өдөр тохиосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёр 3 сар хүрэхгүй л хугацаанд нь хамтдаа байж үлдсэн цаг үед нь хоёр өөр тивд байцгаасан юм. Тэр маань үнэхээрийн гайхалтай охин. Байрны гадаа тоглодог жаахан хүү байхдаа түүний инээмсэглэлийг хараад ямар хөөрхөн инээдэг охин бэ? гэж бодож байснаа нуух юун. Түүндээ зориулж бичиж байсан нэгэн шүлгийн дараах 8 мөрийг хүргэе:

..Чи бид хоёрын хүүхэд насаа өнгөрүүлсэн
Чигтээхэн дэггүй бага насны үндэс суурь
Хонгор чамтайгаа эргэн уулзалдсан
Хүүхдийн зуу, энэ бидний хайрын буурь

Ягаан курткатай охины нүүр дүүрэн мишээл
Миний хамгийн дуртай инээмсэглэл
Ялдамхан бүсгүй болжээ чи минь
Миний гэнэн насны мөрөөдлийн биелэл…

2. СОНСОЖ БУЙ ХҮН: Энэ долоо хоногт миний хийсвэр менторуудын эгнээнд Grant Cardone гэдэг хүн нэмэгдсэнийг албан ёсоор танилцуулж байна. Түүнээс сурсан эсвэл санал нийлсэн гэж хэлж болох онцлох зүйл бол: Зарим нэг хүмүүс би мөнгө олох хэрэггүй надад хангалттай байгаа; би олны өмнө гарч үгээ хэлэх хэрэггүй учир нь би яриад эхэлбэл хүмүүс намайг онгироо гэж бодно; би угаасаа дуугүй дотогшоогоо хүн тул түүнтэй уулзмааргүй байна гэх мэтчилэн зүйлс хэлдэг. Грант-н хувьд эдгээр хүмүүс нь хамгийн хувиа хичээсэн хүмүүс гэнэ. Тэрээр хүмүүсийг маш баян байх хэрэгтэй гэж үздэг. Тэр баян хүмүүсийг хувиа хичээсэн биш харин ч хамгийн бусдыг гэсэн хүмүүс гэж боддог. Баялаг гэхээр заавал хөрөнгө мөнгөөр бас бодох хэрэггүй л дээ. Хүн сэтгэлээрээ, харилцаа хандлагаараа гээд олон зүйлээрээ баян байж болно. Гагцхүү тэр баялаг нь өөртөө биш бусдын төлөө зориулж хуримтлуулсан, бүтээсэн байх учиртай. Маш хэрэгтэй мэдлэг мэдээлэлтэй хирнээ түүнийгээ өөрт л хадгалаад бусдад түгээдэггүй бол мэдлэг хураасны хэрэг юунд? Заавал олны өмнө гарч, бусадтай уулзах байдлаар мэдлэг чадваруудаа ашиглах учиргүй. Үнэхээр хүн хүсвэл аргыг нь заавал олдог. Өөр арга зам, өөр гаргалаа олдог. Бусдаас авч байж баяждаггүй, бусдад өгч байж баяждаг. Энэ бол ертөнцийн хууль.
Мөн би яриад эхэлбэл тэд намайг онгироо гэж бодно гэж бодох нь өөрөө би би гэсэн үзэл дээрээ тулгуурласан аминч үзэл юм. Харин тэд намайг юу гэж бодох нь хамаагүй гагцхүү миний тэдэнд өгөх гэсэн зүйлс л чухал гэж үзэх таны цаад санаа нь чухал хэмээн бодох нь зүйтэй… Түүний хамгийн таалагдсан ярилцлага нь бас нэгэн хийсвэр мэнтортой маань хийсэн дараах ярилцлага юм: https://youtu.be/Au7Tg9wTsl0

3. ОНЦЛОХ БИЧЛЭГ: Барууны ертөнцөд, ер нь Америкт 6-р сарын 21-ны өдрийг зуны анхны өдөр гэж тооцдог. Тиймдээ ч энэ өдөр, олон Америкчууд шинэ он гарахтай адил янз бүрийн зорилго тавьж, зуныг гайхалтай өнгөрүүлэхээр шийдэцгээдэг. Тиймдээ ч би та бүхэндээ Монголд 6-р сарын 22-ны өдөр нар буцах өдөр шүү хэмээн сануулж, өглөө эрт сэрэхийг уриалсан бичлэг хийсэн. Билл Гейтс хэлсэн байдаг шүү дээ “Зуны улирал бол бусдаас холдон тасрах боломж” гэж. Нямын Наймын 2 дугаар дугаарт дурдсан Коби Брайант-н ярилцлагад ч мөн тэрээр байнга өглөө эрт сэрж бэлтгэлээ хийнэ улмаар нэг мэдэхэд хэн ч бүтэн зун түүнээс ч илүү хөдөлмөрлөсөн ч гүйцэхээргүй хэмжээнд хүрсэн байх болно гэж хэлсэн. За тэгэхээр өглөө эрт сэрж сурч, зуны улирлын хамгийн том давуу тал болох илүү нарны гэрлийг өөрийн талд ашигламаар байвал, дараах бичлэгээс маань урам авч мэдэх юм:
https://goo.gl/okxdeX

4. БАРИМТЛАХЫГ ХИЧЭЭЖ БУЙ ЗАРЧМУУД: АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, зохион бүтээгч гээд гуншин нь дуусахгүй Бэнжамин Франклин 20 настайдаа “Амьдралын 13 ариун зарчмууд” гэгчийг зохиосон юм. Түүний зорилго нь ёс суртахуун өндөр, зөв зан чанартай хувь хүн болж төлөвших байсан. Тэрээр өврийн дэвтэрдээ орой бүр өөрийгөө дүгнэж, зөрчсөн зарчмуудынхаа дэргэд цэг тавин тэмдэглэж иржээ.

1. Аливааг тааруулах: Дэлбэртлээ идэж, хөлчүүрхтлээ уухгүй байх
2. Үг цөөн: Хэрвээ өөрт хийгээд өрөөлд ашигтай л зүйл яриагүй бол амиа хамхих; үр ашиггүй харилцан ярианаас зайлсхийх
3. Эмх цэгц: Байх ёстой юмыг байранд, хийх ёстой юмыг цагт нь хийх
4. Шийдвэр төгс байдал: Хийх ёстой зүйлээ заавал гүйцэтгүүлэхээр зориглох; зорьсоноо алдаа мадаггүйгээр гүйцэлтүүлэх
5. Ариг гам: Арвич хямгач байж, юу г ч бүү үр. Гагцхүү өрөөлийн төлөө хийгээд өөрийн сайн сайхны төлөө л зарцуулах
6. Ажил хөдөлмөрч: Цагийг бүү үр; цагаа үргэлж хэрэгтэй зүйлд зарцуулах; бүхий л хэрэгцээгүй үйл хэргийг үгүй хийх
7. Шулуун шударга: Бүү хор хөнөөлтэй арга заль хэрэглэ. Гэнэн цайлганаар бас шударгаар бод, ярь, үйлд.
8. Шударга ёс: Шийдвэр гаргахдаа өөрт ямар ашигтай вэ гэдэг дээр бус харин юу зөв бэ гэдэг дээр тулгуурлах
9. Хүлээцтай байдал: Хэн нэгэн таныг бие махбодын хувьд ч юм уу сэтгэл санааны хувьд юм уу яаж ч гомдоосон эсвэл өвтгөсөн бай хамаагүй хүлээцтэй тэвчээртэй байж уучлах өршөөх чадвартай бай
10. Цэвэр цэмцгэр: Бие хаа, хувцас хунар, гэр орон бүхнээ үргэлжийн цэвэр цэмцгэр байлгах
11. Амар амгалан: Аахар шаахар асуудалд ч тэр янз бүрийн гэнэтийн осол эндэгдэл ч тэр, бүү сэтгэлийн амар амгалан байдлаа алд
12. Биеэ барих: Өөрийн хийгээд өрөөлийн амгалан тайван байдал, нэр хүндийг тачаал шуналаасаа болж бүү үймүүл
13. Даруу төлөв байдал: Бурхад хийгээд эрдэмтэн мэргэдийн үгийг сонсох, даган дуурайх.

5. ОНЦЛОХ АПП: Өөрөөсөө илүү, өөрөөсөө хүчирхэг хүний дэргэд байснаар алтны дэргэдэх гууль шарлана аа гэж. Enkhbayr Zolboo гэдэг залуу маань манайд ирж, бид хоёр энэ зун хамтран амьдрагчид хийгээд хамтран хөдөлмөрлөгчид болж байгаа юм. Юу хийж хөдөлмөрлөөд байна вэ? гэхээр өглөө хэн хэн маань ажилдаа явахаас урьтан, 5 цагт босож бэлтгэлийн заал (gym) орж байгаа. Миний амьдралын нэг зарчим болсон “Хэмжигдэхүйц бүхэн хянагдахуйц” гэсэн үг байдаг. Тийм дээ ч, эргээд gym цохиж, төмөр өргөж эхэлсэн юм чинь нэгэн апп-г дахин хэрэглэж эхлэв. Энэ бол “FitNotes”. Гайхалтай энэ апп-ны тусламжтайгаар та дасгал бүрийнхээ рекорд-уудаа бүртгэж авснаар ямар ахиц гаргаж байгаагаа мэдэж болдог. Ямар төрлийн булчингууд дээрээ түлхүү ажиллаж байна, нийт хэдэн удаа дасгал хийгээд байна гээд олон зүйлийг тань харуулдаг. Улам их бүртгэл хийх тусам, таны потенциал хүч чадлыг тооцоолж өгдөг. Өөрөөр хэлбэл хэдий их жингээр, хэдэн удаа шахалт хийж чадахыг тань хэлдэг. Надад хамгийн их таалагддаг нэг зүйл нь дасгал бүрийн дараа автоматаар цаг тавьж өгөөд танд амралт дууссаныг сануулдаг. Нэг харамсалтай зүйл нь энэ апп маань ганцхан Android дээр байдаг:
https://goo.gl/bdRhLg

6. ОЛЖ МЭДСЭН СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛ: Энэ долоо хоногт олж мэдсэн нэгэн зүйл бол зарим нэг алдартай хүмүүс хэрхэн хэдхэн цагийн нойртой мөртлөө маш сэргэлэн цовоо байгаад байдаг гэдгийг гэх юм уу даа. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама шөнө 1, 2 цаг хүртэл ажиллаж байгаад өглөө 7 цаг гэхэд боссон байдаг. Өдөрт 5, 6 цагийн л нойр авдаг байсан. Сонирхолтой нь коффее огт хэрэглэдэггүй, өглөө жүржийн шүүс л уудаг гэж байгаа. Гэтэл үүний нууц нь тэрээр modafinil (модафинил) гэдэг эм уудаг байсанд байжээ. Америкт ганцхан эмчийн зөвшөөрөлтэйгөөр л авч болдог энэ эм нь допинг-н төрөлд ордог буюу олон спортод хориглосон байдаг юм байна. Нойроо дийлэхгүй хэт нойрмог байх нь өвчинд тооцогддог ба энэ төрлийн өвчтэй хүмүүс уг эмийг хэрэглэдэг байна. АНУ-д энэ эмийн хэрэглээ жилээс жилд улам түгээмэл болсоор байгаа ба байнгын хэрэглэгчид нь өдөр бүр 200 грамм тогтмол уух нь түгээмэл байдаг. Анхлан хэрэглэгчид үүний 4-ны 1 буюу 50 граммын дозоор ууж эхлэн улмаар дозоо нэмдэг гэнэ. Би энэхүү эм бодисыг огтхон ч сурталчлаагүй шүү, Монголд байдаг эсэхийг ч мэдэхгүй юм. Судалсан мэдсэн зүйлээ л хүргэж байгаа минь энэ билээ.

7. СОНСОЖ БАЙГАА ЗҮЙЛ: Ойрд машин барихдаа, дугуй унахдаа Youtube Red ашиглаж янз бүрийн илтгэл их сонсож байгаа. Youtube Red-д нэгэн гоё онцлог байдаг нь Youtube дээрх бичлэгийг шууд offline байдлаар хадгалж болдог. Би сар болгон ер нь шинэ email хаяг нээгээд Youtube Red хэрэглээд байдаг, тэгэхгүй бол сард 15 доллар төлнө шүү дээ  Миний хийсвэр мэнторуудын нэг болох Тони Роббинс-ийн дараах нэгэн илтгэлийг та бүхэнд санал болгоё, тун энгийн ойлгомжтой зүйл ярьж байгаа мэт санагдаж магадгүй гэхдээ энгийн бүхэн агуу байдаг шүү дээ:
https://youtu.be/HWvuvPnrKDs

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Хэт их хүссэн хүнд Төрийн Тамгыг бүү атгуул!” гэсэн өвгөдийнхөө сургуулиар энэ удаагийн Нямын Наймаа жаргаая. Сонгогч түмэн маань нэгийг бодон, хоёрыг тунгааж мэргэн сонголтоо хийгээрэй.

nn 5 poster.jpg

HH5: Гаари Монгол пээн үрүүгээ залгасан нь

Гари-ийн дуртай тоо 5. Яг таарсан байгаа шүү

1. ОНЦЛОХ ДУУДЛАГА: Америкийн төдийгүй дэлхийн бизнесийн ертөнцийг доргиогч энтрепренер, New York Times-ийн 4 удаагийн шилдэг зохиолч, сошиал мэдиа ертөнцийн ЖИНХЭНЭ од Gary Vee буюу ноён Гари Вайнерчук энэ даваа гарагт над уруу залгасан гээд боддоо?

Түүний багийнхан хэдэн мянган үзэгчтэй онлайн нэвтрүүлгийнхээ үеэр над уруу залгаж, Гари миний асуултад хариулсан юм. Би яг дуудлага ирэх үед нь ажил дээрээ нэгэн үйлчлүүлэгчид хэрхэн гар утас компьютер хоёрын хооронд зургуудаа илгээх талаар зааж өгч байж таарсан. Тэр өдөр би Гари-г над уруу залгана гэдэгт яагаад ч юм туйлын итгэлтэй байсан болохоороо ч тэр үү, танихгүй дуудлага авдаггүй хүн чинь бүр үйлчлүүлэгчээсээ “надад хэдэн хором өгч болох уу?” гээд л ажлаасаа гараад явчихдаг юм байгаа биз дээ?  Тэгээд л Гари яг нөгөө танил, нарийн чанга хоолойгоороо мэндлэх үед би түүнд “I can’t believe this” хэмээн итгэж ядсан байдлаа илэрхийлсэн. Түүнд би түүнийг дагадаг, сонсдог олон Монгол залуус байдаг гэдгийг мөн өрнөж буй ерөнхийлөгчийн сонгуульд ч Монголчууд бүтээгч-энтрепренер хүнийг бусдаас давуу дэмжиж байгааг хэлэв. Түүнээс би Америкт сурч, амьдарч байгаа Монгол залууд өгөх бизнесийн зөвлөгөө авсан. Миний амьдралд их чухал үед маань сонсох ёстой байсан хариултыг ч тэрээр өгсөн.. Ганц надад ч биш, гадаад улс оронд амьдарч байгаа, амьдрах гэж байгаа, ер нь л залуу хүнд хүргэх учиртай хариулт.
Иймд тун удахгүй, дараа долоо хоногт багтаагаад Гари, Морган (тухайн нэвтрүүлэгт хамт оролцож байсан зочин) бид гурвын харилцан яриаг та бүхэндээ хадмал орчуулгын /subtitle/ хамт хүргэе гэж бодож байна, та бүхэн дэмжиж байна уу? (Y)

2. ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: Нэгэнт Гари-гийн тухай ярьсан юм чинь түүний шүүгч хийж буй “Planet of the Apps” нэвтрүүлгийг сонирхуулъя. Бидний сайн мэдэх Black Eyed Peas хамтлагийн дуучин, бизнесмен Will.i.am; жүжигчин, Honest Компаний үүсгэн байгуулагч Жессика Алба; дуучин, жүжигчин Гвинет Пэлтроу (Төмөр Хүний туслах, армаантаклагч) болон энтрепренер Гари Вайнерчук нар хамтран энэхүү Apple компаны нэвтрүүлгийн шүүгч/мэнторуудаар ажиллаж байгаа юм. Та хэрвээ Shark Tank гээд бизнесийн нэвтрүүлэг үзэж байсан бол тэр нэвтрүүлгийн зөвхөн Апп хувилбар нь гээд ойлгож болно. Апп зохион бүтээгч урсдаг шат дээр зогсоод минут хэртэй хугацаанд буюу шатаар буухаасаа өмнө дээрх 4 мэнторуудын сонирхлыг апп-аараа татах ёстой. Хэрвээ апп нь хэн нэгэн мэнторын сонирхлыг татаж чадвал оролцогч нь өөрийн апп-аа үргэлжлүүлэн тайлбарлах эрхтэй болдог. Апп-аа танилцуулж, мэнторуудын асуултад хариулж дууссаны дараа мэнторууд маань тухайн апп-г дэмжих эсэхээ шийддэг. Хэрэв дор хаяж нэг мэнтор нь л тухайн апп-г дэмжсэн бол оролцогч нь өөрийг нь дэмжсэн мэнторуудаасаа аль нэгийг нь сонгож хамтдаа тухайн апп-г улам хөгжүүлж, бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулж улмаар хөрөнгө оруулагчдад тухайн апп болон бизнесийн модель, төлөвлөгөө танилцуулдаг. Сонирхолтой байгаа биз? Нэвтрүүлгийн үеэр маш олон бизнесийн үг хэллэгүүд хэрэглэгдэх ба хамгийн гоё нь тухайн үг бүрийг жижиг цонхонд тайлбарлаж өгдөг. Ийнхүү янз бүрийн бизнесийн нэр томъёо хийгээд; ер нь бизнесийн ертөнцийг таньж авах боломжтой болж байгаа юм л даа. Apple компани тодорхой хугацаанд хамгийн эхний дугаараа доорх линкээр дамжуулан үнэгүй үзэх боломжийг олгож байгаа шүү. Дараагийн дугааруудыг нь үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл Apple Music-т нэгдэх хэрэгтэй.
https://www.planetoftheapps.com/en-us

3. ОНЦЛОХ ГАЗАР: Миний амьдардаг Миннесота мужид хойд Америк Тивийн хамгийн том нуур байдаг. Далай л гэж хэлж болох энэ нүсэр том нуур нь Мичиган, Висконсин, Миннесота гэсэн 3 Америкийн мужуудад хийгээд Канад улсад тус тус харьяалагддаг. Бүрхэх газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том цэнгэг нуурт тоцоогддогт энэ газарт би дахин нэг ирсэн юм. Өмнө нь намрын улирал ирж байсан. “Миннесотагийн намрыг үзээгүй бол Америкийн Дундад Өрнөдийг үзсэнд тооцохгүй” гэдэг үг байдаг. Учир нь намар Миннесота муж үнэхээрийн үзэсгэлэнтэй болдог, моднууд нь шар, ногоон, улаан, хүрэн гээд л төсөөлж боломжгүй тийм гоё өнгөнд хувирдаг. Холливүүдийн кинонууд дээр яг гардаг даа? өнгө алагласан моднууд дунд цэнгэг цэнгэг нуурууд.. Тэр чинь Миннесота байхгүй юу? За тэр ч яахав, энэ газрыг онцолж хэлж байгаа нь байгаа газрынхаа лус савдаг, эзэн байгальд нь залбирч өөрийгөө даатгаж байгаарай гэж хэлье гэж бодлоо. Энэ бол мухар сүсэг биш шүү. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Усаар нь ундаашиж, хоолоор нь идээшиж, тухайн газар нутагтаа сайн сайхан явж байгаа юм чинь тэр газартаа талархаж яваарай. Ганцхан Монголын нутаг сайхан гээд л хүний газрыг басаж, харааж, ад үзэж болохгүй санагддаг юм. Дэлхий ертөнц гэдэг чинь өөрөө нэг зүйл шүү дээ, дэлхийн өнцөг булан бүр л үзэсгэлэнтэй. Би байгаа газрынхаа Миссисипи голтой залбирдаг, ярилцдаг болоод 2 гаруй жил болж байх шиг байна аа. Нэг л ертөнц, нэг л дэлхий, нэг л хүмүүн төрөлхтний өлгий учраас хүний юманд залбирч бариад байгаа огт санагддаггүй. Мөнх хөх тэнгэр, байгаль эх дэлхий маань хаа ч явсан биднийг дээрээс тэтгэж, доороос түшиж яваа гэж итгэдэг дээ.

4. УНШИЖ БУЙ НОМ: Jen Sincero гэдэг зохиолчын You are a Badass: How to Stop Doubting your Greatness and Start Living an Awesome Life нэртэй энэхүү номыг би удаан уншихыг хүссэн дээ. Хамгийн анх интернетээр номын нэр, эхний бүлэг хоёрыг нь уншаад л дурлаж, нэг найздаа бэлэглэхээр шийдсэн юм. Маш гайхалтай, чадварлаг, бүтээгч нэгэн мөртлөө өөртөө эргэлзэхдээ тун гаргууд найздаа бэлэглэж байсан. Түүний хойш хоёр гаруй жилийн дараа энэ номыг өөр нэгэн найзынхаа цуглуулгаас олж уншиж эхлэх нь энэ. Ёстой л билэг танхай бичсэн энэ номд хувь хүний хөгжил, санхүү, оюун санааны хөгжил гээд олон зүйлийн тухай бичсэн. Нью Йорк Таймс-ийн шилдэг бүтээл болох энэ номоос танд тольлуулах зүйлс бол: “Амьдралаа сайхан болгомоор байвал, илүү ихийг хүртмээр байвал, эхлээд бусдад өг, бусдад сайн сайхан мэдрэмжийг бэлэглэ”. Сард нэг хоёр удаа мөнгө хандивла, 5 мянган төгрөг байсан ч хамаагүй, гол нь үүнийгээ зуршил болго. Өөрийн хамгийн дуртай, хайртай зүйлээ хэрэгтэй хүнд нь хоёргүй сэтгэлээр бэлэглэ. Бусдад юм өгөхдөө зарим үед бүү өөрөөс чинь ирсэн гэдгээ мэдэгдүүл. Бусдад гар цайлгах мөнгө өг, угаасаа өгдөг бол жоохон илүүг өг. Бусад хүн тантай муухай харьцвал эргүүлж муухай харьцаж доош хамт унахын оронд дээш нь хайрын хүчээр тат. Инээмсэглэ, бусдыг инээлгэ, магт, баясга. Бусад хүний чамд өгч буй зүйлийг цааргалалгүй авч, хүртэж хариуд нь талархсан шиг таларха! Бусдын чамд өгч буй боломжууд, урилгуудыг хүлээн ав. Эцэст нь хамгийн чухал нь өөрийгөө хайрла тэгэж байж бусад хүн чиний сайн сайханыг хүртэнэ.

5. ОНЦЛОХ АУДИО: Зарим уншигч нар маань намайг сонсдог ном, өгүүллэг, подкаст-д дуртайг минь мэдэж байгаа байх. Энэ долоо хоногт би Gregg S гэдэг хүний автомашины осолд орж, сүнс нь биеэсээ хальж, энгийн хүнд мэдэгдэхгүй дээд үелзэлд сүнс нь очиж заяаны хань /сүнс; ухамсар/, гариг эрхэс, байгаль тэдний сүнстэй харьцаж, ертөнцийн үнэнийг сурсан түүхийг сонссон юм. Хэдий зарим хүнд фантаз, худал санагдаж болох ч энэ номд бас бодол, зорилго, төвлөрөл зэргийн ач холбогдлын тухай нарийн өгүүлсэн байгаа. Энэ номоос хамгийн тод үлдсэн, та бүхэндээ хүргэх зүйл бол: “Бодол бол зүйл. Таны бодсон зүйлс зүгээр л сарниад алга болно гэж бүү бод. Та юу бодно, мэдэрнэ, үйлдэнэ түүнийг дагаж таны ирээдүй, хувь заяа өөрчлөгдөх болно. Иймд фокус буюу төвлөрөлт тун чухал, таны бодол санаа юун дээр түлхүү төвлөрч байна? бодлоо ажигла. Таталцлын хууль үргэлжийн мөнхөд буюу та үүнийг унших мөчид ч өрнөж байгааг сана. Та юун дээр төвлөрнө, түүнийгээ амьдралдаа татна…” https://youtu.be/Wjch_Qi_nio

6. ТАВЬЖ БУЙ ЗОРИЛГО: Шинэ сар гарлаа. Долоон сар маань сайн байна уу? Би уг нь наадмаар Монголдоо байх тун дуртай, хачин гоё шүү. Даанч энэ жилдээ Америкт наадамлаж өнгөрөөх гэж байх шиг байна даа. Сониноос Долоон сарын 4-нд АНУ бас Тусгаар Тогтнолын Баяраа тэмдэглэдэг. Улс орон даяараа салют буудуулж тэмдэглэдэг заншилтай гэж байгаа. Та бүхэндээ сонирхолтой байж магадгүй гээд уг өдөр влог бэлтгэе гэж бодож байгаа шүү. Долоон сарыг би Долоо Ахих Долоон Сар гэж хувьдаа тунхаглаад байгаа юм. Миний олон хийсвэр мэнторуудын нэг болох Тим Фэрисс болон Льюис Ховес нар “та 10 жилийн дотор хүрнэ гэж бодож байсан зорилгодоо нэг жилийн дотор хүрнэ гээд зүтгээд үзвэл яах бол?” гэсэн асуултыг байнга өөрсдөөсөө хийгээд өрөөлөөс асуудаг. Хариулт нь ёстой үгүй, хэзээ ч чадахгүй гэж хэлмээр энэ асуулт өөрөө тун хүчтэй. Гэхдээ бид нар яг үнэндээ маш хурдан, богино хугацаанд амжуулах боломжтой зүйлсийг хэт хойш нь тавьж, сунгаж, харанхуйгаар тооцоолол хийдэг байж мэднэ. Иймд зарим үед та хүрэхээр төлөвлөж байгаа зорилгуудаа ойрын хугацаанд амжуулах гээд зүтгээд үзэхэд буруудах юм байхгүй. Заавал 100 хувь амжилтад хүрэх алба угаас байхгүй. Надад зорилгодоо хүрэхээр зүтгэж буй тэрхүү процесс нь өөрөө хамгийн сайхан нь санагддаг. Том зорилго тавиад, түүнийгээ эхлүүлнэ гэдэг өөрөө нийт замынхаа хагасыг туулсантай адил гэдэг. Иймд долоон сард багтааж хойшлуулж байсан зорилгодоо долоон алхам ойртоорой, надтай хамт 

7. АСУУЛ ба СОНИН ХАЧИН: Нямын Наймын тав дахь дугаар маань энэ хүрээд жаргах дөхөж байна. Нэг сар гаруй хугацаанд энэхүү долоо хоног бүрийн нийтлэлээ хүргэчихлээ гэсэн үг юм. Тэгээд ер нь ерөнхий сэтгэгдлийг тань сонсохыг хүсэж байна  Танд юу нь таалагдаж байна? аль талын мэдээлэл, сонин хачингаа түлхүү хуваалцах уу?
Удахгүй (бүр тун удахгүй шүү) вебсайтаа нээж өөрийн контентуудаа төвлөрүүлэе гэж бодож байгаа. Иймд тэр вебсайтаас маань ямар мэдээлэл авч байхыг хүсэж байна? ер нь цаашдаа мөхөс намайг юуны тухай илүү хүмүүст хүргээсэй гэж бодож байна? санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Тун их баярлах болно шүү.

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Та бол хувь заяаныхаа эзэн, сэтгэл санааныхаа удирдагч” – Хэнри Форд

nn 6 poster.jpg

НН 6: Яагаад?

…амьдралд бүх зүйл өөр өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг...

1. ОНЦЛОХ ЭРХЭМ: Надаас нэг уншигч маань хийсвэр мэнторуудаа яаж сонгодог вэ? хэмээн саяхан асуусан юм. Харин би асуултад нь ийнхүү хариулсан юм: “Би амьдралд бүх зүйл өөр өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэж боддог. Яг амьдралдаа эрж хайж байсан асуултын хариултыг хэн нэгэн хүнээс сонсож чадвал түүнийг шууд мэнтор минь гэж бодож болно шүү дээ. Заримдаа нэг бүхэл ном уншиж нэгийг ойлгож байхад заримдаа нэг номын ганц өгүүлбэрийг л уншихад маш их зүйл авч ойлгодог. Түүнтэй адил хүнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяад л явах ёстой санагддаг даа.” Тэгвэл энэ долоо хоногт миний онцлох эрхэм бол Саймон Сайнек (Simon Sinek) юм. Түүнээс ойлгосон, ой тойнд минь хамгийн тод үлдсэн хоёр зүйл бол: нэгт “Заримдаа та өөрөө асуудал нь байдаг”, хоёрт яагаад “Яагаад?” гэдэг асуулт амжилтад хүрэхэд хамгийн чухал зүйл вэ? гэсэн хоёр ойлголт юм. Эхэнд дурдсан ойлголтыг хоёр дугаар хэсгээс маань уншаарай, маш сонирхолтой түүх байгаа. Харин энэ хэсэгт би Саймоноос ойлгосон хоёрдугаар чухал ойлголт болох “Яагаад яагаад гэдэг асуулт нь амжилтын түлхүүр болох тухай” түүний тайлбарласан байдлаар хүргэе. За та ингээд зохион бүтээгч байлаа гэж бодъё, юу ч зохион бүтээсэн байж болно. Компьютер ч юм уу? гар утас ч юм уу? эсвэл хувцас ч юм уу, аль эсвэл ямар нэг шинэ үйлчилгээ сэдсэн хүн байж болно. Тэгвэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн юунаас нь болж худалдан авдаг, хэрэглэдэг бол? Маш олон хүмүүс таны бизнесийг дэмжин цэцэглүүлэн хөгжүүлэхэд юу хамгийн чухал бол? Саймоний хэлж буйгаар бол хүмүүс юу хийсэн бэ гэдгээс хамаарч бус яагаад хийсэн бэ? гэдгээс нь хамаарч таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгө, цаг хугацаа, хүч энерги зарцуулдаг гэнэ. Гэхдээ энэ бол түүний өргөн барьж буй шинэ таамаг, томъёо бол биш, энэ бол биологи. Хүний дунд тархи нь мэдрэмжээс хамаарч шийдвэр гаргаж цаашлаад хүний зан аашийг тодорхойлдог үүрэгтэй. Өөрөөр хэлбэл танд төрсөн хүчтэй мэдрэмж дунд тархиар тань дамжуулж шийдвэр гаргахад нөлөөлдөг аж. Жишээ нь хэрвээ Apple компани бараа бүтээгдэхүүнээ манай утас гоё загвартай, сайн камертай, хурдан ажилладаг, хэрэглэхэд хялбар гэж сурталчилбал та iPhone худалдан авах уу? Үгүй л болов уу? Apple ч хэзээ ч ингэж сурталчилгаагаа эхэлдэггүй, харин тэд “Бид өөрөөр сэтгэхэд итгэдэг, бид өөрчлөлтөд итгэдэг” гэдэг гэх мэтчилэн үгсээр буюу яагаад Алим тарьдаг болохоо хэлдэг. Apple хэрэглэгч нартаа сэдэл мотивац төрүүлэхэд анхаарч, хүмүүст яагаад өөрсдийнх нь хийж буй зүйлс чухал болохыг ойлгуулдаг. Хүн шийдвэр гаргахдаа, тухайн худалдан авч буй зүйл нь өөрийг нь хэрхэн илэрхийлэх бол? гэсэн мэдрэмж дээр тулгуурладаг. Үүний л дараа тухайн бүтээгдэхүүний үзүүлэлт, хурд хүч зэргийг нь хардаг. Та Саймоны тайлбарладаг энэхүү яагаадын учрыг улам сайн тунгаагаарай. Мөхөс би найруулан бичихдээ тааруу учир олигтой санааг нь бас гаргаж чадахгүй л байна. Ганцхан бизнест ч биш амьдралын бүхий л хэсэгт та яагаад одоо хийж байгаа зүйлээ хийж байна? яагаад таны хийж буй зүйл танд хийгээд бусдад чухал юм? гэдгийг тунгааж түүнийгээ бусдад хуваалцаарай. Ингэх тусам тантай адил итгэл үнэмшилтэй хүмүүс танд нэгдэж, улам агуу зүйлийг бүтээх хаалга нээгдэх учиртай. Түүний TedX яриаг дараах хаягаар орж хүлээн авч үзээрэй: https://youtu.be/qp0HIF3SfI4

2. ОНЦЛОХ ТҮҮХ: 18-р зууны Европ, Америк даяар “Төрхийн орон дээрх хар үхэл” гэсэн нэртэй нэгэн хумхаа өвчин тархаж байжээ. Энэ өвчний улмаас эмэгтэй хүн хүүхдээ төрүүлчихээд 48 цагийн дараа ертөнцөөс халин одоцгоодог байсан байна. Бүхэл бүтэн нэг зууны турш энэ өвчин Европ, Америк даяар өргөн дэлгэр тархаж, жилээс жилд улам олон эмэгтэйчүүд бурханийн орон уруу одоцгоосоор байжээ. Зарим эмнэлгүүдэд хүүхдээ төрүүлсэн эхүүдийн 70 хувь нь өөд болцгоож байсан байдаг. Энэ үе бол “Сэргэн Мандалтийн Үе” байсан, өөрөөр хэлбэл шинжлэх ухаан түүний ач холбогдолд дээд зэргийн ач холбогдол өгч эхэлсэн үе. Практик туршлага дээр тулгуурласан тоо баримт зэргийн ач холбогдол маш өндөр болж байсан үе буюу бүхий л мухар сүсэг, шашин, ардын анагаах ухаан гэх мэт идеалист зүйлүүд ач холбогдол нь нуран унаж байсан. Тиймдээ ч маш олон докторууд, шинжлэх ухаанчид бүгд л ханцуй шамлан энэ өвчний учир шалтгаан, хэрхэн үүнийг зогсоох тухай уйгагүй судалсаар байж. Эмч докторууд чөлөө гарвал л нас барсан эмэгтэйчүүдийн цогцос дээр судалгаа хийж, бусад үед нь эх барьцгаадаг байжээ. Гэтэл нэгэн өдөр Оливер Вэндэл Холмес гэдэг нэгэн доктор, шүүгч мэргэжилтэй эрхэм энэхүү “Төрхийн орон дээрх хар үхэл” гэдэг өвчний учрыг тайлжээ. Тэрээр “Эмч нар маань эх барихаасаа өмнө гараа угаадаггүйн улмаас энэ өвчин үүддэг бололтой. Өглөө нь нас барагсдын цогцсууд дээр судалгаа хийсэн эдгээр эмч докторууд үдээш хойш эх барьхаасаа өмнө гараа угааж, ариутгахгүй байна” гэжээ. Тэрээр эмч нарт хандан “Бид нар өөрсдөө асуудал нь юм байна” гэж зарлажээ. Эмч докторууд түүний дүгнэлтийг үгүйсгэж, түүнийг галзуу тэнэгээр нь дуудаж бүхэл бүтэн 30 жил түүний үгийг сонсоогүй. 30 жилийн дараа эмч нар эх барихдаа багажуудаа ариутгаж, гараа угаадаг болсон тэр цагаас хойш эх хүүхэд хоёрыг төрхийн орон дээр нь салгадаг энэ аймшигт өвчин үгүй болсон аж. Энэхүү түүхээс сурах зүйл бол: Заримдаа та өөрөө асуудал нь байдаг. Иймд бусдаас бус, гаднын хүчин зүйлээс бус өөрөөсөө нэг бурууг хайгаад үзээрэй. Өөрийнхөө үйлд эзэн байж, амьдралынхаа залуурдагч нь байгаарай.

3. ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Долоон сард АНУ-д нэгэн чухал үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлдэг тэр бол “Тусгаар Тогтнолын Өдөр”. 1776 оны 7-сарын 4нд АНУ нь Британийн Эзэнт гүрний нэг биш хэмээн тунхаглан зарлаж 13 муж бүхий өнөөдрийн Америк орныг олсон байдаг. Уг нь бол 7-р сарын 2-ны өдөр бичигдсэн боловч бичиг үсгийн найруулга хийгдээд 4-ны өдөр баталсан байдаг. АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Адамс жил бүрийн энэ өдрийг энэ тив улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл өргөн дэлгэр тэмдэглэх болно хэмээн бичсэн байдаг нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн уламжлалыг Америкт бий болгосон. Энэ өдрийг Америкчууд зарим талаараа Монголчуудтай их төстэй тэмдэглэдэг. Агаарт салхинд гараад л, нуур голын эрэг дээр очиж мах шарж идээд, за тэгээд орой нь улс орон даяар салют буудуулдаг нь сүүлийн жилүүдэд Их Эзэн Чингис Хааны талбай дээр буудуулдаг болсон салютуудыг санагдуулам. Би энэ жил анх удаа Миннеаполис гэдэг энэхүү хотдоо энэ баярыг тэмдэглэсэн юм. Манай мужийн хамгийн олон хүн амтай газар л даа. Тэгээд манайд Арктай Чулуун Гүүр гээд маш өргөн гол дээгүүр тогтдог нээх гоё сүрлэг гүүр байдаг юм. Тэнд би орой нь найзуудтайгаа салют үзэх гээд очсон юм. Манай найзууд гүүрний нөгөө талд нь байсан. Тэгээд би нөгөө гүүрийг нь даваад очих гэж тэр гүүр дээр бараг 15 минут алхсан. Уул нь ч тийм урт гүүр бас биш, гэхдээ мааш олон хүнтэй, ёстой хүн бөглөрөө үүсчихсэн байсан юм. Тэгээд яг салют буудуулахаас тавхан минутын өмнө бид хэд нэг гүүрний цаана уулзацгааж салют буудуулахыг үзсэн дээ. Салют буудаад дууссаны дараа бүгд алга ташиж, баяр хүргэцгээгээд тэгээд л босоод явчихсан. Тэнд ёстой хэдэн мянган хүн л байсан байх, гэхдээ бид хаана ч ил задгай хог хараагүй. Бүгд эргэн тойрноо цэвэрлээд, нөгөө хүн түгжрэлтэй гүүрээ буцаад давахдаа бүгд эгнээд хоёр урсгал бий болгоод л явчихсан. Удаан л алхаж удсаныг үл тооцвол тэгээд л нэг мэдсэн хүн бөглөрөө дундаас гараад ирж байгаа юм чинь. За тэгээд юу хэлэх гээд байна вэ? гэхээр Монголчууд маань ч гэсэн Тусгаар Тогтнол, Төрт Ёсны Наадмаараа соёлтой сайхан наадаж баярлаарай. Жилээс жилд Монголчууд маань Хоггүй Наадамладаг болцгоосоор байгаа, энэ жилдээ ч улам хоггүй дээрээс нь бас хэрүүлгүй, хэтрүүлэггүй бүүр үнэхээр сайхан наадаарай гэж хүсэж байна! 

4. ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ (МЭДЭЭ АРТИКЛЬ): Нямын Наймыг (НН) нийтэлж эхэлснээсээ хойш хоёр дахь Онцлох Мэдээ Арктикль гэсэн хэсгийг хүргэж байгаад нь дахиад л Элон Маск-ийн тухай. Өмнөх НН дээрээ түүний өдөрт хэдэн цагийг нь ажиллаж өнгөрүүлдэг, эмэгтэй хүнд хэдий их цаг зарцуулдаг гэх мэт сонирхолтой зүйлс багтаасан мэдээг онцолж байлаа. Энэ удаад би түүний амьдралдаа хэрэглэдэг олон мянган жилийн туршид хамгийн агуу хүмүүсийн хэрэглэсээр ирсэн оюун санааны стратегийг танилцуулсан мэдээг сонирхуулж байна. ТЕСЛА, SpaceX гээд л олон хүчирхэг компаниудын CEO эрхмийн олон тэрбум ам.долларын бизнесээ босгоход нь тусалсан энэхүү стратегийг “Анхдугаар эх үндсүүд” (First Principles) хэмээн нэрлэнэ. Ямарваа нэгэн зүйлийн утга учир түүнийг ойлгохын тулд та тухайн зүйлийн бүр яагаад хамгийн анх бий болсон гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэнэ. Бид ямар нэг зүйлийг ойлгох гэж хичээхдээ тухайн зүйл дээрх ерөнхий, түгээмэл мэдээллүүдийг хөшүүрэг болгон ашиглах нь олонтаа. Гэвч эртний Грекийн философич Аристотель үзсэнээр бид аливаа нэг асуудлын бүр эх сурвалжийг нь олсноор түүний шийдэх жинхэнэ гэрлийг олдог ажээ. Энэхүү оюуны стратеги, зарчмыг амьдралдаа хэрэглэдэг хүмүүс үргэлж өөрсдөөсөө “Бидэнд хамгийн хэрэгтэй, сайн зүйл вэ?”, “Бидэнд үүнийг өөрөөр хийгээд үзэж болохгүй гэж үү?” гэсэн асуултуудыг байнга асуудаг. Ингэж асууснаар танд нэг алхам түр хойшилж, асуудлыг арай өөрөөр харахад тусалж, улмаар илүү үр дүнтэй, заримдаа илүү бага хугацаа ч зарцуулж мэдэх тийм шинэ арга замыг нээж олоход тусалдаг. Тэсла компани нь үргэлж батарей буюу зай нь үнэтэй зүйл гэдэг шүүмжлэлд өртсөөр ирсэн. Гэвч Элон үзэхдээ зайны жинхэнэ утга учир нь цэнэглэж болдог, нөхөн сэргээгддэг тийм эрчим хүч, цэнэгийг хангах зорилготой эд байснаас биш үргэлжийн үнэтэй материалуудаар хийгддэг тийм зүйл байх гэж бүтээгдээгүй аж. Тэрээр хэлэхдээ “Наадах чинь маш тэнэг ойлголт. Батарей нь маш үнэтэй бас яг тэр хэвээрээ үргэлж байх болно гэж үзэх нь өнгөрсөнд тийм байсны улмаас л үлдсэн ойлголт. Хэрвээ ийм сэтгэлгээг ямар нэг шинэ зүйл бүтээхэд хэрэглэвэл чи хэзээ ч шинэ зүйл бүтээж чадахгүй” гэжээ. Ямар нэг зүйлийг өнгөрсөнд хэн нэгэн өөр байдлаар хийж байсан байж болно гэхдээ яагаад тухайн зүйл анхнаасаа бий болсон бэ? гэдгийг түрүүлж асууж байгаарай.https://goo.gl/fJanES

5. ОНЦЛОХ ДУУ: Энэ долоо хоногт би нэгэн шинэ найзтай болсон. Уг нь онцлох найз ч юм уу, онцлох танил ч юм уу? тийм нэрээр энэ хэсгийг нэрлэж болох байсан. Гэхдээ энэ хүний хувьд Дуу Эгшиг, урлаг гэдэг зүйл өөрөө түүний овог нь болсон зүйл тул яахын аргагүй дуугаар нь түүнийг онцлох нь зөв санагдлаа. Би усны тансаг чимээ, шувуудын жиргээ, зуны үнэр ханхлуулсан тийм эгшигт тун их дуртай. Сонсоод л амьдрал ямар баялаг юм бэ? ямар амар амгалан юм бэ? гээд л бодогдуулдаг тийм хөгжим байдаг даа? За тэгээд тийм эгшиг дээр манай Монгол үндэсний хөг эгшиг, хөгжмийн зэмсэг түүний гайхамшиг нэмэгдвэл яах вэ? #Eargasm болно. За ингээд upbeat тропикал, chill хөгжим сонсох дуртай надад дэндүү таалагдсан Temuulen Enkhbold-гийн хөгжмийг онцолж байна. Temuulen ft Behi-The Wave: https://youtu.be/6Dw3kw48TyU

6. ОНЦЛОХ НОМ: Сонгууль ч дууслаа, шинэ ч ерөнхийлөгчтэй боллоо. Сонгуулийн үеэр уншсан нэг номоо танилцуулахаар дэндүү улс төржсөн санагдах гээд байсан болохоор одоо л нэг сайхан онцлоё доо. Энэ бол Дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн “Нохой Орон” киног бүтээсэн найруулагч, сэтгүүлч Д.Төрмөнх ахын “Миний мэдэх Женко Баттулга” ном юм. Нийт сонгогчдын дийлэнх нь 17 оны 7 сарын 7-ны өдөр ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн дахин сонгуулиар Х.Баттулга эрхмийг дэмжиж Монгол Улсын Тав дахь ерөнхийлөгчөөр сонгоод байна. Яагаад энэхүү эрхмийг сонгох болов? Энэ хүн ер нь юу хийж явсан, юу хийж бүтээсэн? хэн гэдэг эрхэм бэ? гэдгийг энэ номоос маш сайн ойлгож авах болно. Энэ ном дээр Монголын хийгээд олон улс орны сонирхолтой түүх, домгийг бичсэн байдаг нь таны мэдлэгийг ч их өргөжүүлэх болно. Улмаар та энэ хүний цаашдаа юу бүтээж, юунд хүрэхийг зорьж буйг нь ойлгох биз ээ.

7. ОНЦЛОХ СУРГААЛЬ: Энэ удаагийн сонгууль магадгүй олон хүнд улс төрч, төрийн түшээ, алтан аргамжаа болох сэдлийг төрүүлсэн байж мэдэх юм. Улс төр, олон улсын харилцаа зэрэгт мэргэшиж эрдмийн мөр хөөж буй хүний хувьд ээжийнхээ нэгэн сургаалийг энэ цаг үед та бүхэнд хүргэе гэж бодлоо. Гэхдээ энэ сургаалийг ээж маань надад зориулан хэлээгүй ээ, ээж маань өөрийн бүтээл болох “Бодь Эрдэмт Номын Төр” гэсэн номдоо ийнхүү бичсэн байдаг юм: “Улс төрийн зүтгэлтнүүд улс орны, ард түмний түүхэн хувь заяатай амин холбоотой байж, өөрийн хийж гүйцэтгэсэн түүхэн үүргээрээ ялгарч, ард түмний түүхэн ой санамжид үлддэгээрээ онцгой юм. Иймд төрийн зүтгэлтний дотоод ертөнц, түүхэн өөрийгөө гарган дэвшүүлэх дотоод санаа сэдэл нь чухам ямар үндэстэй болохыг анхааран судлах хэрэгтэй байдаг… өнөөдөр нэгэнтээ тодроод байгаа шинэ цагийн төрийн зүтгэлтнүүдийн хамгийн хүчтэй цөөн хэдэн хүний тухай угтаж судлах, санал, зөвлөмж боловсруулах, тэдэнд туслах, сургах явдал чухал юм. Төрийн зүтгэлтэн болж төлөвшиж байгаа хувь хүмүүсийн дотоод ертөнц, сэдэц хандлага зөв тогтохоос ихээхэн зүйл шалтгаалах юм (улс эх орон, ард түмний ирээдүйн хувьд)…” Эх сурвалж: Нансалын Сарантуяа, “Бодь Эрдэмт Номын Төр” хуу.148

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Өнөөдөр хэн ч биш байж болно гэхдээ маргааш хэн ч болж болно. Тиймээс хэнийг ч бүү дорд үз. Өнөөдөр боломжгүй зүйл маргааштай боломжтой болдог.” -Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

nn 7 poster.jpg

НН7:Хөгжил бэлэглэ.

Энэ үед влог хийх гэж оролдож байв

Та бүхэн маань сайхан наадав уу? Би хамгийн анх Нямын Найм бичсэнээсээ хойш дугаар өнгөрөх тусам улам урт, улам сунжарсан болоод байгааг анзаарсан тул энэ дугаараасаа эхлэн тэр алдаагаа засах болно оо. Уншигчид маань хэрвээ аль нэг хэсэг дээр нь нэмж тодруулга, тайлбар авахыг хүсвэл хэзээд сэтгэгдэл үлдээж болно шүү.

  1. ОНЦЛОХ АПП буюу #АштайАпп: Гар утас, сошиал медиа ихээр хэрэглэх нь таны үр бүтээмжийг бууруулах, цагийг үрэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл. Үүнтэй тэмцэх гэж өмнө нь UBhind нэртэй програм хэрэглэдэг байсан. Сүүлийн үед дахин сошиал медиа үр бүтээмж буруулах хэмжээнд хэрэглэж байгаагаа анзаараад энэ програмыг дахин хэрэглэж эхлэв. Өмнө нь би Facebook, Instagram зэрэг аппуудыг сонгож аваад тус бүрт нь өдөрт 15 минут л хэрэглэж болно гэдэг ч юм уу өдрийн хэмжээ тогтоочихдог байсан. Харин энэ удаад уг програмууд хэрэглэгдэхгүй болгодог цаг тогтоож байгаа юм, өөрөөр хэлбэл өглөө боссоноосоо хойш 2 цаг 30 минут, унтахаасаа өмнө 2 цаг хэрэглэхгүй гэсэн лимит тогтоож байгаа. http://www.rinasoftglobal.com/

  2. СОНИН ХАЧИН: Би шинэ Youtube Channel-тэй болсон шүү. Bill Khishigbat гээд хайвал гарч ирнэ эсвэл энд дараад ороорой Эхний 100 subscribe хийсэн хүндээ бэлэгтэй. Энэ зуун хүн ч надад бас нэг бэлэг өгнө, тэр нь би өөрийн Channel ID-тэй болно. Яахав youtube.com/channel/billguun ч гэдэг юм уу, тэ?

  3. ОНЦЛОХ ХҮН: Энэ удаагийн онцлох хүн маань #ХийсвэрМэнтор биш ээ, том хүн ч биш. Хөөрхөн жаахан хүү Б.Бат-Энэрэл. Өөрөө нэг ярилцлага дээрээ хэлж байна лээ, миний дууг сонссон хүн жаргалтай болдог гэж. Би түүний гавъяат С.Батсүх ахтай дуулсан “ХААН ЗАЯАТАЙ ОРЧЛОН” дууг нь сонсоод үнэхээр л жаргалтай болсон. Аз жаргал гэж юу юм? гэсэн асуултад дэндүү ухаалаг хариулт өгөх энэ хүүгийн ярилцлагуудыг багтаасан playlist хийчихсэн шүү Youtube дээр. Та ороод үзээрэй, таван настай хүүгээс гарахааргүй ухаарал, билэг авъяас. Мөн хүсвэл та түүний дуртай бичлэгийг нэмж болно энэхүү Playlist дээр.

  4. ЭРГЭН СЭРГЭЭЖ БУЙ ЗУРШИЛ: Би 2015 оны зуны улирал долоо хоног бүрийг нэг эсвэл хоёр долоо хоногын өмнөөс төлөвлөж өнгөрөөж байсан. Тэр цагаас хойш ерөнхийдөө долоо хоногын төлөвлөгөө гаргах нь зуршил болчихсон байсан юм. Гэхдээ сүүлийн үед хүн өөрийн удирдлага, хяналтадаа байлгах гээд хэрэггүй гэж үзээд төлөвлөгөө гаргахаа больчихсон, тэгсэн тэр нь бас сул талуудтай болохыг анзаарсан. Тэгээд эргээд долоо хоногын төлөвлөгөө гаргаж эхэлсэн гэхдээ илүү сул чөлөөтэйгөөр. Өмнө нь тухайн өдрийн арван долоон цаг 34 минутад юу хийж байхаа ч төлөвлөчих гээд байдаг байсан сул талтай. Та манай найз охин бид хоёрын гаргасан Хугацаа Үржүүлэгч-Цаг Төлөвлөгчийг энд даржтатан авч, долоо хоногоо төлөвлөхөд хэрэглээрэй.

  5. СОНИН ХАЧИН: Дараагийн нэг сонин хачин бол яг одоо та үүнийг уншиж буй вебсайт. Бид www.billguun.com вебсайтыг уг нь Америкуудад зориулан хийсэн юм, тэгээд ер нь яагаад зөвхөн Монголчууддаа зориулсан хэсэг сайт дээрээ байлгаж болохгүй гэж бодсон маань энэ. Ерөнхий зориулалт, хэрэглээ нь Америк хийгээд барууны ертөнц уруу чиглэсэн миний нэрийн хуудас вебсайт хэвээрээ үлдэнэ. Гэхдээ Монголчууддаа зориулсан хэсгээ мэдээж улам гоё, үр өгөөжтэй болгомоор байна. Тиймдээ ч та бүхнийг энэ доор санаа, сэтгэгдэлээ үлдээж, вебсайтын маань анхны сэтгэгдэл үлдээсэн хүмүүс болоосой гэж хүсэж байна шүү.

  6. ОНЦЛОХ БИЧЛЭГ: Сэтгэл зүйн тухай янз бүрийн сонирхолтой зүйлс мэдэх дуртай хүн байвал дараах бичлэгийг заавал үзээрэй. Хэрхэн бид өөрсдийн оюун бодол, сэтгэл санаанаасаа болж өөрөө ч мэдэлгүй бусдын урхи мэхэнд орж буруу, муу шийдвэр гаргадаг тухай яриаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Воррен Баффетт-ийн хамтрагч Чарлие Мангер ийнхүү хураангуулжээ:

  7. ОНЦЛОХ ВЕБСАЙТ: Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай. Аялал төлөвлөж байсан ч, ямар нэг төсөл прожект дээр ажиллаж байсан ч  бидэнд маш сайн онлайн мэдээллийн сан хэрэгтэй болдог шүү дээ. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалцаж, орон зай, цаг хугацаа үл хамааран хамтран ажиллах тийм хэрэгцээ бидний амьдралд бий. Би хэрэглээд долоо хоног ч болоогүй хэрнээ аль хэдийн ажил дээрээ маш тогтмол хэрэглэж байгаа дараах вебсайтыг онцлоё, гар утас дээр ч хэрэглэж болох апп байгаа: airtable.com Үнэгүй бүртгүүлээд, бүхнийг зохицуулж, зохион байгуулалтад оруулж эхлээрэй.

  8. ОНЦЛОХ ОНЧ, МЭРГЭН ҮГС: “Хэн нэгэнд өгч болох хамгийн гайхалтай бэлэг бол чиний өөрийн хувь хүний хөгжил юм” – Жим Рон.

nn 8 poster.jpg

НН8: 2 сар бичив

Нямын Наймаа 8 долоо хоног буюу 2 сар бичив

Яагаад тусгай дугаар вэ? гэхээр түрүү долоо хоногт би Нямын Наймаа (НН) бичиж оруулж чадаагүй юм. 7 хоног бүр 7 удаа НН маань та бүхэнд маань хүрсээр иржээ. Одоо ийнхүү 8 дахь удаагийн дугаараараа буюу 2 дахь сартайгаа золгож байна. Өмнөх дугаар дээрээ товч бөгөөд тодорхой бичнэ гэж байсан ч энэ удаад аль болох дэлгэрэнгүй биччихлээ. Учир нь тэр нь уншигч нарт маань таалагддаг гэсэн шүү 

  1. ОНЦЛОХ КИНО: Би үүнийг өөрийнхөө болгох болно гэж хэлээд л хүссэн зүйлээ заавал өөрийн болгодог, би үүнийг хийж сурах болно гээд л ямар ч зүйлийг эзэмшчихдэг тийм айхтар хувь заяатай ч гэмээр юм уу? хүмүүс байдаг даа? Яг ийм хүмүүсийн тухай хоёр кино толгойд маань одоо эргэлдэж байна. Эхнийх нь Энэтхэг улсыг дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг орнуудын нэг болно гэж итгэж түүнийхээ ч төлөө зүтгэж явсан Dhirubhai Ambani гэдэг хүний амьдрал дээр үндэслэсэн 2007 оны Guru нэртэй кино. Би энэ киног 4 удаа үзсэнээ онцлоё. Харин энэ өнгөрсөн долоо хоногт үзсэн онцлох кино бол Becoming Bond нэртэй баримтат уран сайхны кино. (SPOILER ALERT!) Дөнгөж ухаан орсон George Lazenby гэх бяцхан хүүд эмч нар 12 настайдаа бөөрний өвчнөөс болж нас барахыг нь хэлсэнээс болж бага, дунд ангидаа хичээлээ хийлгүй үймүүлж улмаар ахлах сургуулиа ч төгсөж чадаагүй (бөөрний өвчнөөр ч үхээгүй). Боловсролгүй хүү машин засварчин болж, тэндээ машин худалдаачин болоод, улмаар фото модель болов. Гэтэл түүний амьдралыг оронгоор эргүүлсэн нэгэн боломж гарч ирсэн юм. Тэр боломж бол James Bond киноны удаах ангид сүпер тагнуул Bond-ийн дүрийг бүтээх байлаа. Тэрээр боломжийг  алдалгүй ашиглаж James Bond киноны өмнөх 5 ангийг (Sean Connery гол дүрд нь тоглосон) ашиг орлогоороо тэргүүлсэн. Ийнхүү машин засварчнаас James Bond болсон залуу маань ямар ч кино урлагын туршлагагүй хэдий ч амжилт ололтын эзэн болсон. Түүнд James Bond-ийн дараа дараагийн ангиудад тоглох мөн газар дээр нь сая доллар бэлнээр авах ч боломжуудыг өгсөн. Гэвч тэр энэ удаад үгүй гэж хэлсэн юм. Хүн өөрийн хүссэн амьдралын зам мөрөөр явахын тулд зарим хүмүүсийн нүдээр бол алдаж боломжгүй зүйлсийг хаядаг, золиосолдог…. 

  2. ОНЦЛОХ ТУРШИЛТ хийгээд ДУТАГДАЛ: Би уг нь эрт сэрэх дуртай, хамгийн боломжийн буюу сэрэх дуртай цаг маань өглөөний 5. Гэвч сүүлийн үед 6, 7 хүртэл унтаад байгаа. Эрт л байна шд ээ гэж магадгүй хэн нэгэн бодож болох юм. АНУ-ийн Ерөнхийлөгч асан Обама шөнө 2 хүртэл ажиллаж байгаад 7 гэхэд босчихсон байдаг байсан. Тэгэхээр ерөнхийлөгч байсан хүнтэй адил цагт сэрнэ гэдэг тийм ч муугүй юм биш. Даанч асуудал нь хэдэн цагт унтаад хэдэн цагт сэрээд байгаа нь юм л даа. Би 5 цагт босно гэсэн төлөвлөгөөтэйгөөр ихэвчлэн 22 цаг гээд орондоо орчихдог, зарим цөөн тохиолдлыг л эс тооцвол ер нь гайгүй хурдан унтаад өгдөг. Өнгөрөгч хавар, өвөл, намрын улирлуудын бараг ихэнх өдрүүдийг 22-с 5 цагийн хооронд унтаад 7 цагийн нойртой өнгөрүүлж дахин хэвшсэн. Өмнөх зун тэгвэл яасан бэ? яг адилхан бас л их унтаад байсан, өмнөхийн өмнөх зун яасан бэ? бас л адилхан их л унтаад байсан. Энэ зун яасан бэ? бас л их унтаад байна. Уг нь 5, 6-р сард гайгүй байсан байхгүй юу? Ямар сайндаа бусдыгаа эрт сэрэе гээд уриалахав. тэгсэн энэ 7 сараас нэг л бишээ. Тэгээд би зун болохоор өөрийн эрхгүй бие маань эсэргүүцдэг юм болов уу? гэж бодлоо. Зуны үдшийн сэрүүнийг бие маань мэдрэхийг хүсээ юу? мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан энэ долоо хоногт жаал өөрчлөлт хийсэн нь за заавал 22-с 5 цаг гэж төлөвлөөд сэрж чадахгүй бол дараа нь өөрийгөө буруутгаж зовж байснаар, улирлаа дагаад 23-с 6 цагийн хооронд унтъя гэж бодлоо. Гэхдээ бас л нэг л амжилт гаргахгүй байгаа юм даа. Snooze товч ерөөсөө даралгүй шууд л суга үсрээд босдог байсан хүн одоо snooze товчоо дарахаас ч залхуурч унтаад байгаа юм. За тэгвэл миний асуудал ерөөсөө л залхуурал юм байна! гэж бодоод одоо нэг ганц, хоёр юм амьдралдаа илүү боловсронгуй болгох, эргэн авчрах төлөвлөгөө гаргаад эхнээс нь туршиж үзэв. Та бүхэнтэй хуваалцах туршилт бол утсаа хол тавьж унтах (бүр маш хол тавьж унтах шүү). Би утсаа толгойтойгоо ойр тавьж унтахаа болиод удаж байгаа, үүнд гурван том шалтгаан бий. Нэгт гар утаснаас ялгарч буй эрүүл мэндэд хортой янз бүрийн долгионоос хол байхын тулд. Хоёрт шөнө нойр хүрэхгүй бол ч юм уу утсаа авч хэрэглэхгүйн тулд. Нүүр дүүрэн цацрах гэрэл туяа хийгээд хүлээн авч буй мэдээллээсээ болоод бие маань шууд сэргэж унтах цикл маань алдагдана. Гуравт өглөө сэрүүлгээ заавал босож унтраахын тулд. Утсаа орноосоо хол, ширээ дээрээ ч юм уу тавиад унтахад та өглөө заавал босож сэрүүлгээ унтраах шаардлага гарна. Уг нь ингээд л өглөө босох асуудал шийдэгдэж байгаа юм. Тэгсэн би босож сэрүүлгээ унтраачихаад буцаж орондоо хэвтээд унтаад байгаа юм. Иймд би утсаа одоо угаалгын өрөөндөө тавьж хонуулах болсон. Төгс төсөөллөөр бол өглөө сэрүүлэг дугаарлаа, угаалгын өрөө орж сэрүүлгээ унтраалаа (энэ үед утас маань автоматаар дуу тоглуулна), нүүр амаа хүйтэн усаар угаалаа, сэрлээ! Тэгвэл хэрвээ та гэртээ ганцаараа амьдардаггүй бол яах вэ? мөн шөнө цаг харахын тулд яах вэ? Сэрүүлэг худалдаж ав! 10,000 мянган төгрөг хавьцаа хангалттай хөөрхөн сэрүүлэг аваад орны дэргэдээ тавьчихна. Тэгээд утасныхаа сэрүүлгээс яг нэг минутын өмнө тавиад угаалгын өрөөнд байгаа утасныхаа сэрүүлгийг дуугарч гэрийнхнийгээ сэрээхээс өмнө очиж унтраа. (Вууаа! Заавал босож унтраах мөн нэг минутын өмнө сэрэх арга). Миний хувьд энэ туршилт маань одоогоор маш амжилт”гүй” явж байгаа! Гэртээ ганцаараа болохоор эхний өдөр бол сэрүүлгийнхээ дууг сонссон ч гэсэн очиж унтраагаагүй. Дараагийн өдөр нь очиж унтраачхаад эргээд орондоо орчихсон. 3 дахь өдөр нь амжилт гаргаж босоод нүүр амаа угаагаад өглөөний дэглэмээ дагсан. 4 дөх өдөр нь яалаа даа? Амжилттай бол болоогүй. Ингээд л сажлаад явж байна, гэхдээ ямар ч шинэ зуршил цаг хугацаа, олон удаагийн туршилт шаарддаг. Иймд эргээд өглөө тогтсон цагтаа асуудалгүй босдог хүн 21 өдрийн дотор болох болно оо. 

  3. АШТАЙ АПП: Миний мэдээ мэдээлэл унших дуртай апп маань өнгөрөгч долоо хоногт шинэчлэлт хийгдэж улам л хэрэглэхэд амар мөн үзэмжтэй болсон. Би энэ апп-г мөн хамгийн мартагдсан апп гэж хэлнэ. Учир нь маш олон хүмүүсийн утас дээр байсаар л ирсэн, гэвч бид нар тийм ч их хэрэглэдэггүй. Энэ бол The Google App (хуучнаар Google Now) юм. Тийм зөвхөн Android утас дээр буй, гэхдээ энэ оны тав дугаар сараас iOS дээр Siri-тэй адилхан Google Assistant олонд нээлттэй болсон. Миний Google App-г онцож буй шалтгаан нь үүний надад хэрэгтэй гэж бодсон мэдээллүүдийг надаас асуулгүйгээр бэлэн болгож өгдөг явдал. Би ер нь Гүүгл хүн, Google-ийн бүх юмыг нь хэрэглэдэг гэж хэлж болно. Энэ вебсайт ч Google-ийн сэрвэр дээр байдаг. Хэн юм асуусан ч Гүүгэлд гэж хэлдэг.Android утасны дэлгэц дээр Google-ийн хайх талбар байдаг даа? түүний лого дээр дарахад Google App нээгддэг, эсвэл цэс дотроосоо Google гээд хайхад гарч ирнэ. Google App нь хоёр төрлөөр таны дуртай зүйлсийг буюу интернэтээс зөвхөн танд зориулж цуглуулсан мэдээллүүдийг нэг дор санал болгодог. Нэгт өөрөө дуртай зүйлсээ сонгох, үүний тулд та дэлгэцийн зүүн дээд буланд буй 3 шулуун зураас (Menu) дээр дараад Customize уруу ороод дуртай сэдвүүдээ оруулж болно. Хэн нэгэн алдартай хүн, эсвэл дуртай дэлгүүр, спорт, аль эсвэл ямар нэг судалгааны сэдэв гээд л юу ч байж болно. Хоёрт Google таны тухай мэдээллийг үргэлж цуглуулж байдаг.  Үүний ачаар таны юунд дуртай, юу уншиж үзэх дуртайгмэдээд янз бүрийн мэдээллүүдийг санал болгодог. Facebook, Instagram гээд олон нийтийн сүлжээний платформууд огт хэрэглэхгүй байсан үедээ би Google App-г хамгийн ихээр хэрэглэж байсан. Энүүгээрээ юуг хэлэх гээд байна вэ? гэхээр Google Аpp нь таныг зугаацуулаад (entertain) зогсохгүй мэдлэг болгож боловсруулах хэрэгтэй бүх мэдээллээр (educate) тань хангаж чадна. 

  4. ОНЦЛОХ ҮЙЛ ХЭРЭГ: Манай Миннесота мужид 2002 оноос хойш амьдарч буй төрөлхийн хөдөлгөөн бэрхшээлтэй буюу тархины саа өвчтэй Тамир гэж найз маань байдаг. Тэрээр энэ зун эх орон уруугаа буцаж, эмээдээ үнсүүлэхээр явж байгаа. Жил бүрийн зун Монголдоо очиж амардаг, эх орондоо туйлынх их хайртай түүний хувьд энэ зун өмнөх амралтуудаасаа их онцлогтой. Тэрээр GoFundMe гэдэг хандив, хөрөнгө цуглуулдаг вебсайтаар дамжуулж сайхан сэтгэлт олон түмнийг нэгтгэн хөгжлийн бэрхшээлтэй Монгол хүүхдүүдэд хэрэгтэй эд зүйлсийг нь худалдан авч, цуглуулж, Америкаас Монголд хүргэж өгөх гэж байгаа юм. Тэр бид хоёрын хамтдаа ярилцсан яриаг хүлээн авч үзээрэй: https://youtu.be/-JGIghKSKcQ

  5. ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: Аяга тавгаа угааж зогсохдоо, дугуй унаад гадуур явж байхдаа, аль эсвэл ажил дээрээ би утсандаа ийнхүү хэлнэ “Okay Google, play Tim Ferriss’ podcast”. Google миний өмнө хийсвэр мэнтор Тим-ийн маань бүх подкаст нэвтрүүлгүүдийг жагсаан харуулж, хамгийн сүүлийн ангийг нь тоглуулж эхэлнэ. Та бүхэнд сануулахад түүний “АЖЛЫН 4 ЦАГТАЙ 7 ХОНОГ” ном саяхан худалдаанд Монгол хэлээр гарсан байгаа. Уг номын тоймыг энд (unread)дарж орж уншаарай. “Эхнээс нь авахуулаад дуусах хүртэл нь уншдаг биш, харин яг л хоолны цэсээс идэхийг хүсэж буй бялуугаа сонгоод авдаг шиг хэрэгтэй зүйлсээ сонгож авах зориулалттай ном юм.” гэж би дүгнээд байгаа. Иймд ширээний ном болговол зохих бүтээл байгаа юм. Миний түүний podcast уудаас энэ удаад онцлох дугаар нь Scott Adams гэх комик номын зураач, зохиолчтой хийсэн яриа юм. Түүний өдөр бүр 15 удаа өөрийн амьдралдаа бий болгохыг, авчрахыг хүсэж буй зүйлсээ давтан давтан бичсэнээр хүссэн зүйлсээ хэрхэн амьдралдаа бий болгосон түүх нь хамгийн сонирхолтой байв. Мөн тэрээр энэхүү хүссэнээ хүртэх аргаа мэдээж маш шинжлэх ухааны үүднээс тайлбар өгсөн байгаа: https://youtu.be/3KFgzvC-ao8

  6. ОНЦЛОХ ХИЧЭЭЛ: Миний хамгийн анхны хийсвэр мэнтор гэж хэлж болох Брэндон Бурчардын 5 долоо хоногын тусгай онлайн сургалтыг би энэ долоо хоногоос эхэлсэн юм. Түүний хамгийн анхны хичээл дээр тэрээр “Эрүүл оюун санаа (healthy mind)”  гэж чухам юу болох тухай заасан. Эрүүл оюун санаа гэдэг нь, түүний тодорхойлолтоор: Эрх чөлөөтэй, ухамсартайгаар чиглүүлсэн, эерэгээр холбогдсон байхыг хэлэх аж. Эрх чөлөөтэй гэдэг нь хүний оюун бодол айдас хийгээд шаналалаас үргэлжид хол байх учиртай. Өөрөөр хэлбэл та ирээдүйгээс болж айж, санаа зоволгүй мөн өнгөрснөөс болж шаналж, өөрийгөө буруутгаж амьдрах учиргүй. Харин та гагцхүү энэ цаг мөчид амьдрах учиртай; амьдрал бол энэ мөч. Ухамсартайгаар чиглүүлсэн гэдэг нь бид оюун бодлоо сул тавиад явуулчихдагт байдаг юм. Мэдээж хэрэг бид байнгын өөрсдийн бодлоо захирч, хянаж байх учиргүй. Гэвч бид тогтмол өөрсдөөсөө яг одоо юу бодож байна, эерэг зүйлс бодож байна уу? мэдэрч байна уу гэдгээ асуух учиртай. Харин эерэгээр холбогдсон байна гэдэг нь таны гадаад орчиндоо үзүүлж буй нөлөөг хэлнэ. Та юу бодно, юуг дотроо тунгаана түүнээс хамаарч таны гадаад ертөнц уруу илгээж буй мэссэж тань өөр байна. Иймд та оюун бодлынхоо удирдлагыг гартаа авч, инээмсэглэж, эргэн тойрноо таашааж, хүмүүстэй ярилцаж, инээлдэж, хамтдаа сайн сайхныг бүтээгээрэй. 

  7. ЗААВАЛ УНШИХ НОМУУД: Хувь хүний хөгжилтэй холбоотой ном санал болгохын нэг найз маань асуусан юм. Тэгээд би дээр дурдсан мэнтор Брэндон-ий нэгэн жагсаалтыг тэр найздаа илгээсэн. Брэндон өнгөрсөн 18 жилийн турш долоо хоног бүр нэг ном уншсаар ирсэн ба дараах жагсаалтад уг номуудаасаа онцлох бүтээлүүдийг салбар, төрөл бүрд нь жагсаасан байгаа. Уг жагсаалтуудыг ЭНД дарж сонирхоорой.

  8. ОНЦЛОХ ОНЧ, МЭРГЭН ҮГС: “Тогтсон дэг жаяг, дэглэм гэдэг бол ухаалаг хүний амбицлаг байдлын илэрхийлэл” -W. H. Auden (Ухаалаг бай, Билгүүнээ!)

nn 9 poster.jpg

НН9: Блог өндөрлөв.

Баяртай 2017 оны зун!

Энэ долоо хоногт дараах 8 зүйлийг онцолж, энэ улирлын буюу зуны Нямын Наймаа Есдүгээр дугаараар жаргаав. Удахгүй эргэн уулзалдах болно оо.

  1. Өвдөгний гэмтэл ба Брүс Лий агсны туршлага: Энэ долоо хоногын Даваа гарагийн өглөө би та бүхэндээ гүйлт, өөрийгөө ялан дийлэх, моментум зэргийн талаар ярьсан анхны подкастаа хүргэсэн билээ. Сонссон хүмүүс нь санаж байгаа бол би уг яриаг 41 минутын (6 гаруй км) гүйлтийн дараа гэртээ харих замдаа хийсэн шүү дээ.  Хоёр сар гүйлтээр хичээллэхгүй байж байгаад хийсэн анхны маань гүйлт энэ байсан юм. Миний зорилго бол 10км гүйлт тогтмол хийж сурах. Өмнө нь 5 км гэсэн зорилго тавиад түүндээ хүрчхээд завсардчихсан юм. Мэдээж хэрэг шууд эхний өдрөөсөө 10 км гүйхгүй нь тодорхой; бага багаар туулах зай, хурд хүч зэргээ нэмэх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл маргааш өдөр нь миний баруун өвдөг гэмтэл авсан байв. Гүйлтээс, ер нь дасгал хөдөлгөөнөөс авсан анхны гэмтэл маань энэ биш байлаа.
    Өмнө нь намайг алхах нь байтугай, сууж чадахгүй болготол гэмтээж байсан дасгал бол үндсэн таталт (deadlift) байсан. Гэрийн хонх дуугарахад тайлж өгөх гэж мөлхөж байснаа, хувцсаа өмсөж чадахгүй найзаараа оймсоо углуулж байснаа би мартахгүй. Жүжигчин, тулаанч Брүс Лий агсны үйл хэрэг, амьдралыг судлах дуртай хүний хувьд, надад миний нурууны гэмтэл түүний түүхийг санагдуулсан юм. Брис Лий нуруугаа маш ноцтой гэмтээж тулалдах нь байтугай дахиж алхах боломжгүй болж магадгүй гэсэн онош эмч нараасаа авч байсан. Түүний дүрэлзэж байсан нэр хүнд, карьер энэ хүрээд дуусгавал болох аюултай болсон. Гэвч тэрээр бууж өгөөгүй юм. Тэрээр өөрийн хүчээр илааршиж, алхаад зогсохгүй, урьд өмнөхөөсөө ч хүчтэй, сайн тулаанч болсон. Түүний доод нуруу маш хүнд дасгалаас болж гэмтсэн, гэсэн хэдий ч тэр доод нурууны дасгалуудаа хийхээ болих биш харин ч биеийнхээ тэр хэсэг дээр илүү ажилласан байдаг.

    Би энэ түүхийг өөр дээрээ давтаж үзэхээр шийдэж, түрүү жилийн хавар нуруугаа гэмтээчихээд эргээд гайгүй болоод ирэх үед нь яг тэр гэмтэл авсан дасгалаа илүү бага жингээр, илүү болгоомжтойгоор, илүү зөвөөр хийхийг хичээж эхэлсэн юм. Нуруу маань ч урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.
    Энэ удаад өвдөгөө гэмтээчихээд би өөрөөсөө дахин гүйх үү? үгүй юу? гэж асуусан. Би өдөр болгон дор хаяж 30 минут дугуй унадаг, түүнээс авч байгаа өвдөлт маань хангалттай байсан учир би сайн уншиж судалсны үр дүнд гүйхийн оронд эмч нарын зөвлөснөөр гуя, гэдэс болон холын зайн гүйлт хийхэд хамгийн шаардлагатай биеийн хэсгүүдээ хөгжүүлэхээр шийдэв. Ингээд хэдий өвдөг өвдөж байсан ч дасгалын төв (gym) дээр хоёр өдөр тутамд нэг ирж дасгалуудаа хийсээр байлаа. Эцэст нь энэ бямба гарагт би хөлний сунгалт (leg extension), суулт (squat), үндсэн таталт (deadlift), хөлний шахалт (leg press) гэх мэт өвдөг дээр хамгийн их ачаалал ирдэг дасгалууд хийв. Мэдээж хэрэг өмнө нь авдаг байсан жингүүдээсээ бага, хөнгөн байдлаар хийсэн л дээ. Гэсэн хэдий ч өвдөг маань эргээд хүчтэй болж байгааг мэдрэх, турших сайхан байлаа. Энэ долоо хоногт өвдөг маань шатаар доош буухад, өгсүүр замаар дугуйтай дээш жийхэд гээд олон үед маш хүчтэй, хатгасан өвдөлтүүд авсаар байсан. Мэдээж хэрэг өвчин бууруулах тос санал болгож, сануулан байж авахуулсан найз охиндоо баярлалаа  За тэгээд энэ туршлагаасаа эцэст нь сануулах зүйл бол: Та зорилго тавиад ямар нэг байдлаар тэр зорилгодоо хүрэх боломжгүй болбол, аль эсвэл илүү их хугацаа юм уу өөр нэг зүйл шаардах шаардлагатай болбол битгий шантраарай. Тавьсан зорилгодоо тууштай байж яг төлөвлөсөн, бодсоноороо хүрнэ гэж зүтгэхээс илүүтэйгээр уян хатан байж, зөв системыг олох нь хавьгүй зөв шүү. Мөн биеийн тань ямар нэг хэсэг гэмтвэл, тэр хэсэг тань ингээд талаар өнгөрч байгаа хэрэг огтхон ч биш. Харин биеийнхээ тэр хэсгийг, улам хүчирхэгжүүлэх ёстойг тань сануулсан, харуулсан зүйл байдаг юм шүү.

  2. Харвардын Профессор юу гэж хэлэв? Нямын Найм бүр дээрээ би ер нь нэг тэр долоо хоногтоо үзсэн бичлэг ч юм уу? подкаст ч юм уу онцолдог. Энэ удаад би хэн нэгэн хувь хүний хөгжлийн багш, энтрепренер биш харин Харвардын Их Сургуулийн Хуулийн хийгээд Эдийн Засгийн профессор Михир Дэсай-ийн оролцсон подкаст нэвтрүүлгийг онцолж байна. Олон жил багшласан туршлагаасаа юуг хамгийн ихээр ойлгосон бэ? гэсэн асуултад тэрээр хариулахдаа “Хэнийг ч бүү дорд үз” гэсэн юм. Тэрээр цааш ярихдаа, ангид сууж байгаа хамгийн дуугүй, хамгийн идэвх багатай оюутан яг үнэндээ хамгийн гайхалтай оюутан нь байхад хамгийн их ярьдаг, хамгийн их асуулт асууж, асуултад хариулдаг идэвхтэй оюутан нь хамгийн хоосон нэгэн байх тохиолдол байдаг гэв.

    Түүний шинэ ном нь Баян Аав Ядуу Ааваас илүү санхүүгийн амжилтын ном гэж өөрөө хэлэв

    Бидэнд их ойр сонсогдож байгаа биз? Үүнийг би онцолж байгаа учир нь, хэрвээ та ганц анги тэнхимд гэлтгүй амьдралынхаа өөр ямар нэг орон зайд чимээгүй байхыг эрхэмлэдэг, бусадтай нүүр туулж өөрийгөө бүрэн таниулж амжаагүй байгаа бол одоо яагаад цаг нь биш гэж? Таны дотор маш гайхалтай санаа нуугдаж байж мэднэ шүү. Заримдаа бидний өөрсдөөсөө олж харахгүй байгаа гайхамшгийг өөр хүн олж харж танд хэлж, таныг хурцалдаг шүү дээ. Иймээс л би мэнтортой байхын ач холбогдлыг ихээхэн гаргаж ирэх гэж хичээдэг. Гэхдээ та л түрүүлж хөдлөхгүй бол, хэн ч таны өмнөөс анхны алхмыг тавихгүй шүү дээ.

  3. Жинхэнэ Роки Балбо: Энэ долоо хоногт онцлох кино маань 2016 оны Chuck нэртэй кино юм. Sylvestor Stallone (Sly)-ий бичсэн, найруулсан, гол дүрд нь тоглосон Rocky киноны санаа Chuck Wepner гэх эрхмийн тулаанаас төрсөн байдаг. Хэн нэг хүний амьдралын нэгээхэн хэсгийнх нь гэрч болж, түүнээсээ хэдэн сая доллараар үнэлэгдэх санаа олж түүнийгээ бүтээл болгон гаргаж дэлхий даяар алдаршиж байхад, нөгөө талд нь уг санааг төрүүлсэн жинхэнэ баатар нь өрөвдөлтэй гэж хэлж болохоор хувь заяаг туулна. Энэ киног үзэж байхад толгойд эргэлдсэн үг бол “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” байлаа.

  4. Яагаад 8 сар амжилтын сар бэ? Миний хийсвэр мэнторуудын нэг болох Гари Вейнерчук-ийн бичсэн блог, ярьсан яриа дээр үндэслээд CNBC “Энэ хоёр зүйлийн аль нэгийг нь сонгон үйлдэж, карьераа ахиул” гэсэн мэдээ гаргасан байсныг би энэ долоо хоногт онцолж байна. Гари 8 сарыг карьераа өсгөх, амжилтаа ахиулах сар гэж хардаг учир нь таны өмнө дараах хоёр боломж гарч ирдэгт байгаа юм: Нэгт, 8 сар бол амралтын сар. Хоёр, мөн 8 сар бол амралтын сар. Гол нь та энэ амралтын сар гэдгийг хэрхэн харахаас таны сонголт шалтгаална. Амралтаа хойш нь тавьж байсан хүмүүс, зуны сайхныг мэдэрч ийш тийш аялаж, зугаалж амжаагүй байсан хүмүүсийн зуны сүүлчийн сард амралтаа авч, карьер, ажил албаа түр хойш нь тавьдаг. Энэ нь танд том давуу талыг бий болгоно. Жишээ нь та контент бүтээгч байгаа гэж бодъё, гэтэл таны өрсөлдөгч нар бүгд амралт аваад зугаалж цэнгэж, амарч байх үед мэдээ хүлээн авагч нар буюу үзэгч нар байсаар л байна. Энэ үеийг нь та овсгоотойгоор ашиглаж, чанартай, тогтмол контент бий болгож хүмүүс хүргэж чадсанаар та бусдын түр эзгүй орхисон орон зайг өөрийн болгох боломжтой болж байгаа нь Гаригийн танд санал болгож буй эхний сонголт юм. Харин хоёр дахь сонголт нь, та ч гэсэн амралтаа ав. Бизнес ч бай, сургууль ном ч бай 8 сар бол эдгээр салбаруудын хувьд оны сүүлчийн сар юм. 9 сараас буюу намрын улирлаас авахуулаад хүн бүр эргээд ажилдаа ханцуй шамлан орцгоох болно. Тиймдээ ч Гаригийн хувьд түр зүр амсхийж, хойш суух хамгийн тохиромжтой сар бол 8 сар гэнэ. Учир нь мөн мэдээж адилхан та ч тэр, таны өрсөлдөгч нар ч тэр амарч байгаа учир хэн нэгэн нь тэр уралдаанд нөгөөхөө хаяж түрүүлнэ гэсэн үг биш. Аль ч сонголтыг нь хийсэн ба 8 сар таны амжилтад их нөлөөлөх учиртай. Нэг бол бусдаас илүү хөдөлмөрлөж тасрах, аль эсвэл бусадтай адил амралтаа авч эрч хүчээ сэлбэх.

  5. Хэрхэн хорхой хүргэсэн зүйлийг болих вэ? Өнөөдөр та маш ихийг хийхээр төлөвлөсөн байлаа гэж бодъё. Гадаад хэлээ сайжруулна, ном уншина, хөгжим давтана гээд л, аль эсвэл та энэ өдөр эрүүл хооллоно, цагаа зөв зохицуулна гээд л зорилтууд тавьчихсан байлаа. Гэтэл бидэнд үргэлж нэг тийм хорхой хүргэм зүйл гарч ирдэг шүү дээ. Тэр нь таны тухайн өдрийн үр бүтээмжид муугаар нөлөөлөх зүйлс. Жишээ нь кино үзэх, пицца авч идэх г.м. Тэгвэл ийм хорхой хүргэсэн зүйлсийг хэрхэн дарах бэ? Би энэ долоо хоногт хэрэгжүүлсэн нэг арга нь тэр зүйлийгээ эхлээд бичиж тэмдэглэж авах. “Кино үзмээр санагдав; залхуурч хэвтмээр санагдав” г.м. тэгээд өөрөөсөө дараах зүйлийг асууна, энэ зүйлийг давч гарч чадсан уу? тийм бол яаж? үгүй бол яагаад? тэгээд тухайн зүйлийг дарсан ч бай, чадаагүй ч бай үр дүн нь юу байсныг бичнэ. Пицца идчихсэн бол эрүүл мэндээ хохироов ч гэдэг юм уу? Кино үзээд түүнээсээ урам авсан бол цаг үрэв; урам авав гээд сайн ба муу аль аль үр дүнг нь л бич. Ингэж өөртөө тогтмол дүгнэлт хийснээр яг үнэндээ та зарим хэрэггүй гэж боддог зүйлсээ яг үнэндээ хэрэгтэй болохыг ч ойлгож мэднэ, аль эсвэл эсрэгээрээ. Өөрийгөө танин мэдэх нэгэн жижигхэн арга юм уу даа?

  6. Тэмдэглэлийн дэвтэр яагаад хэрэгтэй вэ? Би цүнхэндээ үргэлж хоёр дэвтэр авч явдаг. Нэг нь гарын алганы хэмжээтэй болохоор халаасандаа ч хийгээд энд тэнд авч явж болно. Энэ дэвтэр дээр амьдралын зорилго, алсын харааг маань сануулсан зүйлс бичээстэй байдаг юм, дээрээс нь юм нэмж бичихээсээ илүү үе үе гаргаж ирж уншиж, өөрийнхөө зорилго үйлсийг сануулдаг. Харин хоёр дахь дэвтэр маань арай том буюу iPad Mini-тэй адилхан хэмжээтэй. Энэ дэвтэр дээр би шинэ санаа, өдрийн төлөвлөгөө, хийх зүйлсийн жагсаалт, онч мэргэн үгс гээд юуг ч хамаагүй бичдэг. Гэвч сүүлийн үед би өмнөхөөсөө илүү бага дэвтэр хэрэглэдэг болчихсоноо саяхан анзаарсан юм. Яагаад бага хэрэглэж байна вэ? гэхээр би юм болгоныг өөр өөрийн гэсэн байртай байлгах гэж хэтэрхий үзсэнээс болсон байх. Өдөр төлөвлөхдөө “Хугацаа Үржүүлэгч”-ээ, өдрийн тэмдэглэл бичвэл Evernote дээр гэх мэт. Аль аль нь буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ яагаад ч юм гэнэт нэг юм бичих хэрэг болчхоор би өөрөөсөө хаана бичих билээ? гэдэг асуултыг асуудаг болчихсоноо анзаарав. Энэ энгийн сонсогдож болох асуулт нь яг үнэндээ маш том үр дагавартай. Цаасан дээр бичих үү? утсан дээрээ бичих үү? Дэвтэр дээр бичих үү? тусад нь өөр зүйл дээр бичих үү? Энэ програм дээр бичих үү? тэр програм дээр бичих үү? гэх мэт хэрэггүй олон асуултууд нь эцэстээ бичихгүй байсан нь дээр мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Гэхдээ бичих хэрэгтэй. Учир нь танд нэг санаа төрлөө гэж бодъё, та түүнийгээ бичиж тэмдэглэх нь уг санаа биеллээ олж байгаа хамгийн анхны хэлбэр нь шүү дээ. Өөрөөр хэлбэл таны бодлоос замхраад арилах зүйл биш, дэвтэр сөхөхөд л урд тань байж байх эд болсон байгаа биз? Тэгвэл түрүүний асуултад би ямар хариулт өгөв, хаана бичихэв гэдэг? Дэвтэр дээрээ бич. Өврийн дэвтэр өөртөө авч явдаг хүмүүс өөртөө анхаардаг, хувь хүний хөгжилдөө санаа тавьдаг хүмүүс байдаг юм. Учир нь тэд үргэлж амьдралд ямар нэг шинэ зүйл гарч ирэхийг, түүнийг бичиж тэмдэглэн шууд эд болгон хувиргах учиртайг мэддэг. Иймд над шиг битгий олон асуултаар өөрийгөө булаарай, зүгээр л бич. Хийсвэр бүхнийг эд болгоно хувирга.

  7. Ээжийгээ эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хараарай: Би энэ долоо хоногт нэгэн ярилцлагаас ярьсан хүнийх нь нэрийг биш харин нэгэн зөвлөгөөг нь их тод санаж үлдсэн. Тэр нь та ээжийгээ эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хараарай гэж. Юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр, таны ээж тантай л адил дурлаж, догдолж, мөрөөдөж явсан 15тай охин байсан. Ээжид тань бүтээхийг хүссэн зүйл, хүрэхийг хүссэн амжилт байгаа. Гэтэл та ээжийгээ зөвхөн таныг хайрлаж, таны төлөө зүтгэдэг эх хүн гэдэг өнцгөөс л хардаг юм биш биз? Таныг өсгөөд дэндүү завгүй байсан болохоороо, хүссэн зүйлдээ хүрэхэд нь туслах нь найз дутсан байж ч мэднэ. Тэгвэл яагаад бид нар тэр найз нь одоо болж болохгүй гэж? Ээжтэйгээ ярилцаж, юу хийж бүтээхийг хүсдэгийг нь мэдэж ээжтэйгээ хамт тэр зорилгод нь хүрэхэд оройтоогүй байх.

  8. “Нэр хүнд гэдэг бол танд хүссэнээ хийх эрхийг олгодог хөшүүрэг юм” – АНУ-ийн ерөнхийлөгч агсан Томас Жеффэрсон